Сонгино хамгийн үнэтэй байдаг газар гэвэл Филиппин улсыг нэрлэж болохоор болжээ. Бүр хилээр нууцаар нэвтрүүлэх хэмжээнд хүртэл үнэ нь өссөнийг тус улсын Гаалийн албанаас мэдээлж байна.
Филиппинд 12 дугаар сарын сүүлээр улаан сонгинын үнэ килограмм нь 650 песо буюу 11.84 ам.доллар хүрээд байх үед гаалийн байцаагчид хоёр чингэлэг дүүрэн “хууль бус” сонгиныг хил дээр хураан авчээ.
Харин шар сонгинын үнэ хамгийн ихдээ 600 песо (10.92 ам.доллар) байгаа нь тахианы махнаас гурав дахин, үхрийн махнаас 25 хувиар илүү үнэ болохыг тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас нэгдүгээр сарын 5-нд гаргасан фермийн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн мэдээллээс харж болно.
Энэ шалтгаанаар Филиппин улс 22 мянган тонн сонгино импортолж, дотоодын нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ энэ худалдан авалт нь түр зуурын шийдэл бөгөөд цаашид сонгино импортлох төлөвлөгөө одоогоор байхгүй болохыг Хөдөө аж ахуйн Дэд сайд Рекс Эстоперез өгүүлсэн байна.
Зүүн Өмнөд Азийн тус улсын хоолны соёлд сонгино гол орц болдог бөгөөд улсын хэмжээнд сардаа 17 мянган тонн гаруй сонгино хэрэглэдэг аж.
12 дугаар сард Филиппиний инфляц 8.1 хувьд хүрсэн нь сүүлийн 14 жилийн дээд үзүүлэлт болсон байна.