Өгүүлэх ину: Ирина Якутенко гэдэг молекулын биологич орос бүсгүй “Вирус, который сломал планету” буюу Ертөнцийг сүйрүүлсэн вирус хэмээх нэг аятайхан ном бичиж 2021 онд хэвлүүлснийг нь би интернетээс олж мэдээд, энэ номын талаар нэлээд эрэл хайгуул хийсэн билээДэлхий дахиныг хамран тархсан COVID-19 өвчний цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үеэр, хоёр жаахан хүүхэдтэй хөхүүл эх, хүүхдүүдээ асраад завгүй байгаа мөртөө шинжлэх ухааны нарийн ширийн мэдээллүүдийг цуглуулан нэгтгэж, ердийн хүн уншаад л шууд ойлгохуйцном бичсэнийг нь хараад өөрийн эрхгүй бишрэх сэтгэл төрсөн юм. Яасан хөдөлмөрч, яасан авьяаслаг бүсгүй вэ гэж!Тэр бүсгүйн бичсэн номыг манайхан орчуулж байгаа нь гарцаагүй хэмээн найдаж байгаа ч, мэргэжлийн хүний хувьд, энэ сайхан номын талаар хэдэн үг бичмээр санагдаад болохгүй явж байтал, ашгүй, Игор Перников гэдэг нийтлэлч “Төгс төгөлдөр хууран мэхлэгч, мутант бөгөөд шимэгч: Хүн төрөлхтний гол дайсны жинхэнэ хөрөг. Ирина Якутенкогийн бичсэн “Ертөнцийг сүйрүүлсэн вирус” хэмээх номоос түүсэн 10 үнэн баримт” гэсэн мундаг гарчигтайөгүүлэл бичиж gorky.media хэмээх интернет сэтгүүлднийтлүүлсэн байсан нь, миний ажлыг эрс хөнгөвчлөв. Үнэхээр сүрдмээр гарчигтай энэ өгүүллийг нь орчуулчхад л вирусийн талаар хүн бүхний мэдвэл зохих гол мэдээлэлүүдбүрэн тусгагдан, миний зорилго ч биелэх тул, үл таних Игор Перниковт танд баярлалаа!
Одоо, түүний бичсэн өгүүллийн орчуулгыг уншигчдадаа толилуулъя. Тухлан сууж, таалан уншина уу.
1. Вирус бол төгс төгөлдөр шимэгч мөн. Чин үнэнийг хэлэхэд, вирус гэдэг зүйл чухам юу вэ гэдэг нь одоо хүртэл бүрэн тогтоогдоогүй байгаа юм. Амьдралын өвөрмөц хэлбэр юм уу? Аль эсвэл, хорлон сүйтгэгч “программ” юм уу? Мэдэхгүй. Тэгэхлээр, вирусийг ямар ч хэлээр, юутай ч зүйрлэн тайлбарласан ялгаагүй, ердийн хүн ам ойлгодоггүй хэвээрээ л үлдэнэ. Шууд утгаараа, вирус бол тодорхойгүй зүйл. Хэдийгээр, вирусийн биологийн идэвх илэрхий харагддаг ч амьд организмыг тодорхойлдог олон шинж чанар түүнд байдаггүй юм. Жишээлбэл: Вирусэд бодисынсолилцоо байдаггүй. Вирус бол, ерөнхийдөө, хорлон сүйтгэгч “программ” бичигдсэн дезоксирибонуклеин хүчил (ДНХ)-ийн молекул ч юм уу, аль эсвэл рибонуклеин хүчил (РНХ)-ийн молекулыг агуулсан уурган бүрхүүл л байгаа юм.Тэр, хорлон сүйтгэгч “программ” бичигдсэн нуклеин хүчил нь, эсэд халдварласан вирусийг хувилан олшруулах цорын ганцхан зорилготой байдаг. Вирусийн өөрөө өөрийгөө хувилан олшруулдаг чадвартай эн тэнцэхүйц чадвартай өөр юу ч байхгүй. Бас нэг чухал онцлог вирусэд байдаг нь, мутацид орж өөрчлөгдөөд, халдварласан эзнийхээ дархлааны тогтолцоог сүрхий гэгч нь “хууран мэхлэх” чадвар нь юм. Эрчимтэй үржин олшрох чадвар, эрчимтэй мутацлагдах чадвар хоёрынхоо ачаар л вирус эволюцийн хувьд цэцэглэн хөгжиж, энэ ертөнцийн “хамгийн шилдэг шимэгч” хэмээх алдар цолыг хүртэж байдаг билээ.
2. Вирус болгон үржиж олшрох өөрийн гэсэн тактиктай байдаг. Вирусийн амьдралыг хүнийхтэй зүйрлэвэл, хүүхэд нас, шилжилтийн нас, залуу нас гэсэн гурван шатны настай хэмээн хэлж болно. Энэ гурван шатны нас нь, вирус эсэд халдварлах, эсийн дотор үржиж олшрох, шинэ вирус эсээс гарч дахиад халдварлах шинэ эсээ хайх гэсэн гурван шатыг төлөөлж байгаа юм. Зарим вирус халдварласан эсийнхээ геномд удамшлынхаа материалыг залган угсраад үүрд тэр эсийнхээ дотор оршин, үржиж олширсоор л байдаг. Тухайлбал: Хүн бүхний сайн мэддэг хүний дархлал хомстлын хам шинжийн вирус (ХДХВ) мэтийн ретровирусүүд ингэж үрждэг юм. Гэтэл зарим вирус халдварласан эсийнхээ дотор нуугдаж байгаад, дээд зэргийн эрчимтэйгээр үржиж олширч болохуйц цаг мөч ирэхийг хүлээх тактикийг хэрэглэдэг. Жишээ нь: Хомхой өвчнийг үүсгэдэг герпес вирус халдварласан хүнийхээ мэдрэлийн зангилаанд нуугдаж байгаад, тэр хүний биеийнх нь эсэргүүцэл суларч, дархлааных нь тогтолцоо үржлийг ньдарангуйлах чадваргүй болохыг далимдуулан үржижолширч байдаг. Харин аз болоход, коронавирус саяын тайлбарласан хоёр тактикийн алиныг нь ч хэрэглэдэггүй юм. Яагаад вэ гэвэл, коронавирусийн геном РНХ-ийг ДНХ болгон хуулбарлах фермент ч нийлэгжүүлдэггүй, ДНХ-ийг ДНХ-д угсран залгадаг фермент ч нийлэгжүүлдэггүй, вирусийг нуун далдлах уураг ч нийлэгжүүлдэггүй юм. Ийм учраас, коронавирусын халдвар авч өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн эсэд энэ вирус үүрд хадгалагдан үлдэнэ гэж айх ч хэрэггүй, бас энэ вирус герпес вирус шиг нуугдаж байгаад байн байн өвчлүүлэх болов уу гэж бодох ч хэрэггүй.
3. Вирусийн тоо таны санаж байгаагаас ч хавьгүй олон байдаг юм. Хэтрүүлж байгаа юм биш шүү! Янз бүрийн вирусийн үржиж олшрох хурд болоод мутацид орох хурд нь бас л янз бүр байдгаас шалтгаалан, манай дэлхий дээрх вирусүүдийн тоо санаанд ормооргүй өөр өөр байдаг ажээ. Жишээлбэл: Дэлхийн ганцхан тэнгист л гэхэд дөрвөн нониллион вирус байдгийг эрдэмтэд тооцоолсон байна. Нониллион гэдэг бол арвын гучин зэрэгт буюу нэгийн тооны ард гучин тэг тавьсантай тэнцэх тоо билээ. Энэ олон вирус тэнгисийн усанд чөлөөтэй хөвж явдаггүй, заавал нэг амьд организмын дотор оршиж байдаг жамтай ажээ. Вирус агуулаагүй амьд организм бараг байхгүй, бүгдээрээ вирусийн халдварт өртсөн байдгаар үл барам нэг зүйлийн амьтны биед агуулагддаг вирус нөгөө зүйлийн амьтанд дамжин халдварлаж байдаг байна.
4. Вирус, нэг зүйлийн амьтнаас нөгөө зүйлийн амьтанд дамжин халдарладаг нь, ерөнхийдөө бол, энгийн зүйл.Вирус, нян, археи гурвыг орхиод, үлдсэн бүх организмыг нь тооцвол, манай гараг дээр 5,3 сая орчим зүйлийн амьд организм оршин амьдарч байдгийн нэг нь хүн юм. Дэлхий дээр 8,7 сая орчим зүйлийн амьд организм оршин амьдардаг гэсэн бас нэг тооцоо ч байдаг. Ер нь, дэлхий дээр оршин амьдарч байсан амьд организмын 99,9% нь яваандаа устаж үгүй болсон гэсэн эрдэмтдийн тооцоог эргээд нэг санавал, олон миллиард организм үүсэн амьдарч, устаж байсан байж таарах нь ээ. Одоо дэлхий дээр оршин амьдарч байгаа олон сая зүйлийн амьд организм болгон өөр өөрийн гэсэн вирусийн халдварт өртсөн байдаг талаар өмнө дурдсан билээ. Вирус, ямар нэгэн амьд организмын эсэд халдварлан ороод, тэр эсийнхээ дотор дасан зохицох гэж чадлаараа чармайсаар чармайсаар, яваандаа, хамгаалах урвалд нь өртөж усталгүй тэсэн үлдэж чаддаг. Өөрөөр хэлбэл, вирус болгон тодорхой тодорхой эсийг сонгон халдварлах “нарийн мэргэжил” эзэмшсэн байдаг юм. Нэг зүйлийн амьтанд халдварлан өвчлүүлдэг вирус нөгөө зүйлийн амьтанд дамжин халдварлах магадлал харьцангуй бага байдаг ч санамсаргүй тохиолдлоор өөр зүйлийн амьтанд халварлаад үржиж чадсан вирус хязгааргүй давуу талтай болдог байна.Хуучин эзнээсээ өөр зүйлийн организмд халдварласан вирус шинэ эзнийхээ эсийн дотор явагдаж байгаа биохимийн өвөрмөц урвалуудад дасан зохицоход, бас л өнөөх түргэн хувирч өөрчлөгддөг чадвар нь тус болдог ажээ.
5. Хүнийг өвчлүүлдэг ихэнх вирус амьтнаас л анх хүнд халдварласан байдаг. Энэ өгүүлбэрийг уншсан хүмүүс: “Юу гэнэ ээ? Орчин үеийн томоохон хотуудад амьдардаг хүмүүс янз бүрийн амьтантай байнга хавьтаж, ойртож байдаг гэсэн үг үү?” хэмээн асууж магадгүй. Тэгвэл, “Өнгөрсөн үетэй харьцуулбал, хүмүүс, янз бүрийн амьтантай хэтэрхий их хавьтаж ойртдог болсон юмаа” л гэж хариулахаар болоод байгаа юм. Янз бүрийн амьтан,шувуудын арилжаа наймаа дэлхий дахиныг хамран хөгжиж байгааг дагалдан, нэг нэгнээсээ асар хол зайтай оршдог улс орнуудад амьд, үхсэн элдвийн амьтан тээвэрлэгдэн нэвтэрсээр байна шүү дээ. Амьтны арилжаа наймаа зуун жилийн өмнө тун бага хөгжсөн байсан нь гарцаагүй билээ. Нөгөө талаар, дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан янз бүрийн амьтад хуучин нутгаа орхин шинэ газар нутаг руу бөөн бөөнөөрөө нүүдэллэдэг болсон юм. Энэ бүхнээс болоод, хүмүүс багаахан газар нутагт янз бүрийн амьтантай шахцалдах шахам оршин суухаас өөр аргагүй болж, амьтны вирус хүнд халдварлах нөхцөл ч бүрдсээр байна. Энд ганцхан жишээ дурдъя. 1940 оноос хойш 2004 оныг дуусталх хугацаанд, 335 шинэ халдварт өвчин дэлхий дахинд бүртгэгдсэний 60,3% нь мал амьтнаас хүнд халдварласан өвчин байжээ. Мал амьтнаас хүнд халдварладаг өвчнийг зоонозын халдварт өвчин гэдэгбөгөөд, одоогийн байдлаар, хүний нийт халдварт өвчний 71,8%-ийг ийм өвчин эзэлдэг болоод байна. Харин аз болоход, зоонозын халдварт өвчин анх хүнд халдварлахүедээ олон хүнийг хамруулан тархаж чадалгүй, цөөхөн хүнөвчлүүлээд л зогсдог юм.
6. Сарьсан багваахайн вирус хүнд халдварласан нь муу ёр л биелсэн хэрэг. Янз бүрийн вирус өөрсдийнхөө оршин амьдардаг амьтнаас өөр зүйлийн амьтанд “үсрэн халдварлах” магадлалын хувь өөр өөр байдгаас гадна нэг зүйлийн амьтнаас нөгөө зүйлийн амьтанд үсрэн халдварласан вирусийг тухайн амьтан биедээ үржүүлэнолшруулах чадвар нь ч өөр өөр байдаг. Харин SARS-CoV-2сарьсан багваахайнаас хүнд дамжин халдварлаж, улмаар дэлхий дахиныг хамран тархсан цар тахал үүсгэхэд саяын дурдсан хоёр хүчин зүйл хоёулаа чухал нөлөө үзүүлсэн нь бидэнд тодорхой байна. Уг нь, коронавирус сарьсан багваахай хоёр, бие биендээ хор хүргэлгүй симбиоз хэлбэрээр амьдардгийг нь эрдэмтэд эртнээс ерөнхийдөөмэддэг байсан бол, БНХАУ-ын Хубей мужийн нийслэл Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ши Жэнли сарьсан багваахайн коронавирусийн талаар анх удаа тодорхой мэдээлжээ. Сарьсан багваахайн биед чухам ямар ямар коронавирус агуулагдаж, энэ амьтанд хэрхэн нөлөөлдгийг нь олон жил судалсан эрдэмтэн Ши Жэнли аль эрт 2005 онд бусад судлаачидтайгаа хамтран бичиж, Science сэтгүүлд нийтлүүлсэн нэг өгүүлэлдээ, БНХАУ-ын дөрвөн мужийн янз бүрийн нутгаас барьсан есөн зүйлийн 408 сарьсан багваахайнаас ялгасан коронавирусүүдийн геномын тодорхой хэсгийн нуклеотидүүдийн дарааллыг харьцуулан судалсан судалгааныхаа дүнг танилцуулсан байдаг юм. Ши Жэнли тэргүүтэй судлаачид тэр өгүүлэлдээ бичихдээ: “Янз бүрийн төрөл зүйлийн гар далавчтанаас ялгасан коронавирусүүдийн геномын 90%-иас илүү хэсэг нь хоорондоо төсөөтэй байдаг ч үлдсэн хэсгийнх нуклеотидүүдийн ялгаа 40%-д хүрч байгааг бид тогтоолоо. Нэн ялангуяа, сарьсан багваахайн коронавирусүүдийн сэртэнгийн S-уургийнх нь эсийн рецептортой холбогддог аминхүчлүүдийг нь кодлодог нуклеотидүүд нэлээд өөр өөр байгаа нь, энэ амьтны биед агуулагддаг коронавирус өөр зүйлийн амьтанд халдварлах далд чадвартайг харуулж байна” хэмээн анхааруулжээ. Ер нь, дэлхийн бараг бүх улс орны тодорхой тодорхой газар нутагт байнга амьдарч байдаг шавжаар хооллогч тахан хамарт сарьсан багваахайг,эрдэмтэд, шинэ вирусүүдийг үржүүлэн агуулагч “гол инкубатор” хэмээн нэрлэдэг болсон юм. SARS-CoV-2 чухам хаана анх сарьсан багваахайнаас хүнд халдварласан нь одоо хүртэл яг таг тогтоогдоогүй байгаагаас гадна Ухань хотын далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний захаас энэ вирус хүнд халдварласан гэдэг таамаглалыг зарим эрдэмтэн зөвшөөрдөггүй. Магадгүй, ямар нэгэн гар далавчтны биед бөөнөөрөө амьдардаг коронавирусүүдийн нэг нь “хамтран амьдарч”-аа солихыг хүсээд, тэр хүсэл нь ч биелж хүнд халдварлаад гай тарьсан байж болох юм даа.
7. Сарьсан багваахай өөрөө коронавирусийн халдвараар өвчилдөггүй. Сарьсан багваахай олон зүйлийн коронавирусийг биедээ агуулж байдаг ч тэдгээр вирусийнхээ халдвараар өвчилдөггүй юм. Гар далавчтан бусад амьтад ч ялгаагүй, олон зүйлийн коронавирусийгбиедээ агуулж байдаг ч тэдгээр вирусийнхээ халдвараар бараг өвчилдөггүй. Ер нь, гар далавчтанууд коронавирусийн халдварт тэсвэртэй байдаг нь, тэдгээр амьтдын дархлааны хариу урвал үүсгэдэг механизм өвөрмөц өөр байдагтай холбоотой хэмээн эрдэмтэд үздэг. Энэ ч үнэн бололтой. Жишээ нь: Сарьсан багваахайн эсийн өсгөвөрт коронавирусийг халдварлуулахад интерферон маш түргэн нийлэгжин эсүүдийг халдвараас хамгаалснаас, вирус эсэд халдварлаж чадахгүй нэг эсээс нөгөө эс рүү эрчимтэй шилжиж байгааг харуулсан нэг судалгаа байдаг юм. Сарьсан багваахайд халдварласан коронавирус өвчин үүсгэлгүй бүх биеэр нь түргэн тархаад үржиж байдаг ч шинээр үүссэн вирусүүдийнх нь тоо их ч биш, бага ч биш, ямагт дунд зэргийн хэмжээнд тогтмол хадгалагдаж байдаг байна. Тэгэхлээр, сарьсан багваахайнууд янз бүрийн коронавирусийн тухтай гэгч нь амарч байдаг амралтын газар болдог ажээ.
8. Муу юм болж байгаа ч үүнээс муу юм бас байдаг юм.Вакцин тариулах хэрэгтэй. Хүний дархлааны тогтолцоо бол халдварт өвчнөөс хамгаалах туйлын хүчирхэг зэвсэгбайгаа юм. Хүмүүст вакцин хэрэглэдгийн гол зорилго нь, өвчин үүсгэгч вирусийг дархлааных нь тогтолцоонд аюулгүй байдлаар таниулж өгөхөд оршдог. Вакцин тариулаад, дархлаа тогтсон хүнд жинхэнэ вирус халдварлавал, дархлааных нь тогтолцоо тэр дороо вирус рүү дайран довтолж устгадаг юм. Дэлхийн хүн амыг вакцинжуулж олдмол дархлаа тогтоосны ачаар л хүн төрөлхтөн цагаан цэцэг хэмээх аюултай халдварт өвчнийгбүрмөсөн устгаж, ямар ч эмээр эмчлэгддэггүй зарим халдварт өвчний гаралтыг хязгаарлаж чадсан билээ. Цагаан цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дэлхийн хүн амд тарьж дархлаажуулахаас өмнө, энэ өвчнөөрөвчлөгсдийн 30% нь нас барж, эдгэрсэн хүмүүсийнх нь нүүр болоод бие дээр нь өдий төдий муухай сорви үлддэг байсан байна. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн халдварт өвчнөөр өвчилсөн хүний биед дархлаа тогтоход тодорхой цаг хугацаа зайлшгүй шаардагддаг юм. Гэтэл хүний биед халдвартай тэмцэх эсрэгбие, дархлааны эсүүд үүсэж амжихаас өмнө, бичил биетэн дийлдэхийн аргагүй түвшинд хүртлээ олширч аюул учруулах явдал тун олон тохиолддог байна. Ер нь, халдварт өвчнөөс хамгаалах чадвартай дархлааг хүмүүст богинохон хуагцаанд тогтооход вакцин л тус болдог юм.
9. ДЭМБ, шинээр гарч байгаа өвчнүүдэд дээд зэргийн саармаг нэр сонгон өгдөг болсон нь, янз бүрийн сөрөг үр дагавараас сэргийлж байгаа юм. Цоо шинэ халдварт өвчнийг нэрлэхдээ, тэр өвчин анх гарсан бүс нутгийн нэр, анх өвчилсөн хүмүүсийн эрхэлдэг ажлын нэр, бүлэг хүмүүсийн нэр, бусдаас онцлог хүмүүсийн нэр зэргийг оруулахгүй байх талаар ДЭМБ-ын дүрэмд заасан байдаг юм. Энэ заалт бол, шинэ халдварт өвчинтэй холбоотойгоор элдэв төрлийн ялгаварлан гадуухах үзэл дэлгэрэхээсурьдчилан сэргийлсэн чухал заалт мөн. Одоо бидний COVID-19 хэмээн нэрлэж байгаа халдварт өвчнийг үүсгэсэн коронавирусийг хамгийн анх 2019-nCov хэмээн албан ёсоор нэрлэж байсан нь ч энэ заалттай холбоотой. 2019-nCov гэдэг нь, 2019 онд анх оношлогдсон шинэ коронавирус (novel coronavirus) хэмээх үгийн товчлол байсан бол, COVID-19гэдэг нь, 2019 онд анх оношлогдсон коронавирусийн өвчин (CORONAVIRUS DISEASE) хэмээх үгийн товчлол билээ. Ер нь, шинэ өвчнийг саармаг нэрээр нэрлэх талаарх ДЭМБ-ын үзэл баримтлал зөв гэдгийг дэлхийн улс орнуудад болоод өнгөрсөн зарим үйл явдал батлан харууллаа. Тухайлбал: 2009–2010 онд гарсан гахайн томуугийн цар тахлын үеэр, Египт улсын Засгийн газар улсынхаа бүх гахайг устгуулж байсан юм. Үнэндээ бол, тэр цар тахлыг үүсгэсэн томуугийн вирусийн H1N1 омгийг хүмүүст анх халдаасан эх уурхай нь гахай биш байсныг л ойлгох хэрэгтэй. 2009–2010 оны томуугийн цар тахлыг үүсгэсэн вирус бол, урьд өмнө нь хүн амын дунд огт тархаж байгаагүй гахайн томуугийн вирусийн генүүдийг геномдоо нэмэн авч хольсон H1N1 омгийн хуучин вирус л байсан юм. Харин тэр вирус цоо шинэ генүүдтэй болж халдварлах чадвар нь онцгой нэмэгдсэнээс шалтгаалан, олон олон хүнд хүнд халварлан өвчлүүлж, олон ч хүний амь насанд хүрсэн билээ. Өнөөх Египт улс хамаг гахайгаа устгасан ч томуугийн вирус тархах аюулаас аврагдаж чадаагүйгээр үл барам Кайр хот нь хогноосоо салах гэж бөөн бэрхшээлтэй тулгарчээ. Органик хог хаягдлыг нь боловсруулаад, устгаад өгдөг гахайгүй болсон энэ хот хогондоо дарагддаг болсон байна.
10. SARS-CoV-2 айхавтар сүрхий тархаад байгаа нь, энэвирусийн “хууран мэхлэдэг” чадвартай нь л холбоотой.Хамгийн багаар бодоход, энэ коронавирусийн нийлэгжүүлдэг есөн уураг хүний эд эс, дархлааны тогтолцоог хууран мэхлэх “гэмт хэрэгт” оролцдог юм. Тэдгээр уургийн зарим нь, SARS-CoV-2 халдварласан эсийн дотор интерферон үүсэх процессыг саатуулдаг бол, зарим нь, энэ вирусийн РНХ-ийг эсийн РНХ-ээс ялгагдахааргүй болгон далдлан нууж, устахаас нь хамгаалж байдаг. COVID-19-өөс өмнө дэлхийд тархан, хүн амын эрүүл мэндэд аюул занал учруулж байсан “Нийтлэг бус уушгины үрэвсэл” буюу цочмог хүндэрдэг амьсгалын дутагдлын хам шинж (SARS), Ойрх Дорнодын амьсгалын дутагдлын хам шинж (MERS)зэрэг өвчийг үүсгэсэн хоёр коронавируст ч иймэрхүү хамгаалах механизм байдаг билээ. Харин тэр хоёр вирусэдбайдаггүй, зөвхөн SARS-CoV-2-т л байдаг нэг хамгаалах механизм байдаг нь, энэ вирусийн ORF8 генийн нийлэгжүүлдэг уурагтай холбоотой. Эрүүл эс өөрийнхөө нийлэгжүүлсэн уургуудын өчүүхэн хэсгийг гадрагадаа ил гарган, дархлааны эсүүдэд танилцуулж байдаг жамтай. Эс ингэж нийлэгжүүлсэн уургийнхаа хэсгийг дархлааны эсүүдэд өөрөө танилцуулж, шалгуулж байдаг нь, чухамдаа, дархлааны тогтолцооны туйлын чухал механизм байгаа юм. Яагаад вэ гэвэл, эсийн гадрагад илчлэгдсэн уургийн хэсгүүдийг шалгасан дархлааны эс, вирусийн уургийгандахгүй таниад, тэр вирусийг эстэй нь хамт устгах урвалыг шууд эхлүүлдэг төдийгүй хорт хавдрын эс болон хувирч байгаа ч юм уу, аль эсвэл ямар нэгэн сэжигтэй эсүүдийг устгах урвалыг бас эхлүүлдэг. Гэтэл SARS-CoV-2-ийн ORF8генийнх нь нийлэгжүүлсэн уураг, халдвартай эсийн гадрагад уургийн хэсгүүд илрэх процессийг зогсоочихдог ажээ. Өөрөөр хэлбэл, ORF8 генийн уураг хүмүүний биедбайгалаас заяасан хамгаалагч эсүүдийн “анхаарлыг сарниулаад”, SARS-CoV-2 улам эрчимтэй үржих нөхцлийг бүрдүүлж өгдөг байна. Вирус, ер нь, иймэрхүү зальхэрэглэдгийг эрдэмтэд мэддэг юм. Аденовирус, ХДХВ зэрэг вирус бас л SARS-CoV-2 шиг зальддаг билээ.
Орос хэлнээс орчуулсан анагаах ухааны доктор Э. Пүрэвдаваа (drpurev@gmail.com)
2023–01–13
Эх сурвалж:
Игор Перников. Идеальный обманщик, мутант и паразит: актуальный портрет главного врага человечества. 10 фактов из книги Ирины Якутенко «Вирус, который сломал планету»https://gorky.media/reviews/idealnyj-obmanshhik-mutant-i-parazit-aktualnyj-portret-glavnogo-vraga-chelovechestva/