Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган өчигдөр (2019.08.28) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхэлж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсслоо.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн зарим гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдийн асуултад хариулахдаа:
“Улсын Их Хурлын гишүүний хариуцлагыг дээшлүүлэх, давхар дээлний асуудлыг нэгмөр цэгцлэх үүднээс “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Мөн Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэсэн зохицуулалт оруулахыг дэмжээд байгаа.
Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулах, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх зохицуулалтыг тусгаж өгсөн. Гишүүд нь давхар дээлээ тайлж Улсын Их Хурал нь зөвхөн хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлаа хийнэ.
Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлж, хариуцлага алдсан танхимын гишүүнээ огцруулдаг, парламентын өмнө хариуцлагаа хүлээдэг байх заалтыг шинээр тусгаж өгсөн нь энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг чухал зохицуулалт юм.
Төр нь төр шиг, засаг нь засаг шиг байх зарчим төсөлд шингэсэн” хэмээн тайлбарлалаа.
УИХ-ын гишүүдийн ихэнх нь улс орон, ард нийтийн эрх ашгийн үүднээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар эцэслэн шийдвэрлэх байр суурьтай байгаагаа энэхүү хуралдааны үеэр хэлсэн юм.