Монгол улсаас гаднын улс оронд ажиллаж буй дипломат албаны эрхмүүд албаны машинаар хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж тухайн улсын хилээр гарах гэж оролдох, тээвэрлэж яваад баригдах тохиолдол цөөнгүй гараад байгаа билээ. Тэдний энэхүү үйлдлийн улмаас гадны улс орнуудад монгол улсын нэр төр ихээр унах болсон юм. Үүнтэй холбогдуулан яамнаас ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Цензургүй сурвалжлага” багт дараах тайлбарыг өгчээ.
Д.Цогтбаатар ”ГХЯ-ны зүгээс бүх анхаарлаа хандуулж, Засгийн газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо арга хэмжээ авч байна. Европын бүх орнуудад шалгалт хийж, урьдчилан сэргийлж байгаа. Нэр холбогдсон хүмүүсийг халсан. Намайг 2012 онд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд ГХЯ асуудалгүй үлдсэн. Харин таван жилийн дараа эргэж ирэхэд тэдгээр хүмүүсийн зарим нь ажилдаа орчихсон байсан. Тиймээс бүгдийг нь буцааж халсан. Мөн бусад оронд ажиллаж байсан 5-6 хүнийг дипломат албанаас эгүүлэн татлаа. Элчин сайдын яаманд явж байгаа машинуудыг сайжруулж байна. Хувь хүмүүс дээр ч арга хэмжээ авсан. 2008 онд гаргасан жагсаалтын дагуу 60 орчим хүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлтээ өгсөн. Тэгэхээр энэ тал дээрх арга хэмжээнүүдийг бүх шатанд авч байна. Түүнчлэн томилогдож байгаа хүмүүстээ явахаас нь өмнө тодорхой сургалтуудыг хийдэг болсон. Дипломат албаны машин унаад монгол улсын нэр хүндийг унагаж байгаа хүмүүсийг гишгэх газаргүй болгоно” гэлээ.