Өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-д зохион байгуулагдсан “BALINZOUQI 2019 international race” олон улсын нээлттэй тэмцээнд Монгол улсын дугуйчид амжилттай оролцжээ. Энэхүү тэмцээн нь чансаагаараа дэлхийн дугуйн холбооны 1,2 дугаар ангилалтай ижил түвшний бөгөөд Монгол, Малайз, Тайланд, Сингапур, Серби, Эстони, Филиппин, Иран, Беларусь, Тайвань, Англи, БНХАУ-ын Хонгконг гэсэн 12 улсын 75 тамирчин хурд хүчээ сорьсон юм.
Тэмцээнд оролцогчид багаар өрсөлдөх бөгөөд манай хоёр дугуйчин болох ОУХМ Б.Мягмарсүрэн, Спортын мастер Б.Идэрболд нар Сербийн нэг, Хонгконгийн хоёр тамирчинтай нэг баг болон оролцжээ. Тэд энэхүү тэмцээнд багийн дүнгээр хоёрдугаарт шалгарсан бөгөөд түрүү баг болох Ираны багаас гурван секундын дараа барианд орсон байна. Харин тэмцээний гуравдугаар байрт Эстонийн дугуйчид шалгарчээ.
Багийн дүнг гаргахдаа багийн эхний гурван дугуйчны цагаар тооцож гаргадаг бөгөөд манай багийн дугуйчид 7, 15, 21 дүгээрт барианд орцгоосон байна.