Хүү сургуулийнхаа оюутны зөвлөлийн дарга болоод, 2013 оны шинэ жилийн баярыг Чонг жү хотод, маш сайхан, өргөн хүрээнд зохион байгуулсан юм.
Би Солонгос улсад очоод, 10 гаруй жилийн дараа, анх удаагаа тэр шинэ жилийн цэнгүүнд орж билээ. Яг залуудаа Монголд албан газраараа тэмдэглэдэг тэр л шинэ жилийн үдэш санаанд ороод л…
2014 оны 3 сарын 2 хүүгийн минь төрсөн өдөр билээ. Тэр өдөр би хүүдээ бууз хийж өгөх гээд бэлтгэж байтал гэнэт нуруу татаад, их зовж, хазайсан амьтан бууз хийж өгөөд л орон дээрээ ойчоод өгсөн дөө…
Бэр ундааны шилэнд халуун ус хийж, жин тавьж өгсөн. Маргааш өглөө нь нуруу өвдөөд, ажилдаа явалгүй, шууд эмнэлэг рүү явсан.
Би Солонгост нэр хүндтэй, өндөр үнэтэй, Seoul Samsung эмнэлэгийн Чонг жү хотын салбар дээр очсон юм. Миний нуруунызургийг аваад, нурууны диск /артуклит/ гэж оношилсон.
Урд нь үзүүлж, эмчилгээ хийлгэж, байсан эмнэлгүүд нурууны диск биш гэж оношилдог байсан юм. Тэгээд надад нурууны үений завсарт шингэн шахна! гэсэн.
Энэ эмчилгээг долоон хоногт нэг удаа ирж, нийт гурван удаа хийлгэх шаардлагатай гэсэн. Би хэлсэн ёсоор нь гурван удаа хийлгэсэн. Би эрүүл мэндийн даатгалгүй учир төлбөрт нь нэг удаад 100.000 вон төлсөн. Нурууны үений завсарт тариа хийхдээ хагалгааны өрөөнд оруулж, компьютор дээр харж байгаад хийдэг юм билээ.
Түүний дараа физик эмчилгээ хийдэг байв. Би хагас сайнд ажилдгүй тул тэр өдрүүдэд эмчилгээгээ хийлгээд, бүтэн сайнд амардаг байсан. Түүнээс хойш нуруу өвдөх нь гайгүй болсон.
Гэхдээ би сар болгон нуруундаа зүү тавиулж, физик эмчилгээгээ хийлгэсээр л… Хамгийн сүүлд 2015 оны 5 сарын 29-нд хийлгэсэн дээ.
Би 2014 оны 10 сард Монгол явах сэтгэлдээ хөтлөгдөн буцаад, Юнг ин хот доо ирсэн. Би Канг дунг-1 хөргөгчинд ажиллаж байсан, Чинзогийн гэрээний хугацаа дуусаад, хууль бусаар хөргөгчинд ажиллаж байгаа гэж сонссон юм.
Тэгээд би Юнг ин хотод ирээд, шууд Канг дунг-1 хөргөгчин дээр очоод, хуучин таньдаг Солонгосчуудаас Чинзог аль хөргөгчинд ажиллаж байгааг мэдэж авсан юм. Тэнд мөн 6-7 Монгол залуучууд гэрээгээр ажилладаг юм билээ.
Би тэд нарыг танихгүй. Би тэр залуучуудтай уулзаад, Чинзогийн утасны дугаарыг өгөөч гэхэд тэд нар танихгүй хүнд хүний утасыг өгөхгүй гэлээ.
Чинзогийн ажиллаж буй хөргөгч Канг дунг-1 хөргөгчөөс ойрхон тул би тийшээ явган явлаа. Би Чинзотой 16.00 цагийн үед уулзсан. Чинзо ахлагч Солонгостоо ах ирсэн тул би эрт буулаа гэхэд нөгөөх нь тэг гэж хариулсан.
Чинзо намайг дагуулаад, зөвхөн хөргөгчинд л ажилд гаргадаг, ажил олгогч дээрээ авч очсон. Чинзо тэд нарт намайг урд нь хөргөгчинд олон жил ажиллаж байсан. Хэл, энэ хавийн газраа сайн мэддэг гэж танилцуулсан.
Би маргаашаас нь л шууд хөргөгчинд ажилласан. Би 12 сар хүртэл аль хүн дутуу хөргөгчинд, өдөр бүр өөр өөр газар очиж ажиллаж байсан. Тэр хугацаандаа би Канг дунг-1 хөргөгчинд нэг өдөр ажилласан.
Урд ажиллаж байсан залуучууд шигээ эв нэгдэлтэй, их цэвэрхэн амьдарцгааж байсан. Тэд нарыг хараад, эхнээсээ л суурийг нь зөв тавьбал цаашдаа уламжлал болоод явчихдаг юм байна даа гэж надад бодогдсон.
12 сараас би Канг дунг-1 хөргөгчийн ойрхон байдаг, TF хөргөгчинд 2015 оны 5 сарын 29 хүртэл Монголд иртлээ л ажилласан. Тэнд Буян, Энх гэдэг хоёр Монгол залуучуудтай хамт ажиллаж байлаа.
Буян тэнд суралцдаг оюутан. Энх 2014 оны 12 сард гурван сарын хугацаатай очоод, хууль бусаар ажиллаж, амьдрах болсон.
Би Юнг ин хотод ирээд байр байхгүй учир саунд хонож байлаа. Саунд долоо хонож байтал, Хус модонд ярилцъя… рестораны эзэн надтай уулзаад, чамайг Юнг инд буцаад ирсэн гэж Цээмаагаас дуулсан.
Чи яаж дандаа саунд хонох уу?, хол гэхгүй бол Цээмаатайгаа хамт байрлаад, манай тэндээс ажилдаа явж бай! гэсэн.
Хус модонд ярилцья… рестораны доохно хүртэл цагийн автобус явдаг болсон байна билээ. Эхний автобус 07.00 цагаас тэндээс хөдөлдөг тул би ажилдаа цагийг нь тулгаж очихоор Солонгосчууд жаахан дургүй байлаа.
Иймээс би өглөө 06.00 цагт тэндээс доошоо 30 минут алхаад, 06.50-д өөр чиглэлийн автобусанд суудаг боллоо.
Дөрөвдүгээр сард Цээмаа ажлаасаа гарсан тул бид хоёр Юнг ин хотод барьцаагүй, сарын 200.000 воны хуучин шигээ муу байр хөлслөн, тэндээ Монголд иртлээ амьдарсан.
Үргэлжлэл бий
Ц.Эрдэнэбат