Нийслэлд хотод өнгөрсөн пүрэв гарагт орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга С.Батболд \”Цаашид ч Улаанбаатар хотод их хэмжээний бороо орох урьдчилсан мэдээ байгаа учраас нийслэлийн автозамуудын ус зайлуулах шугам хоолойг өргөтгөх, ус соруулах автомашин, техник хэрэгслийг сайржуулах шаардлагатай байна. Цаашид шинээр барих автозамуудыг заавал ус зайлуулах шугам хоолойтой байхаар төлөвлөж хийх хэрэгтэй. Тиймээс нийслэлийн Онцгой комиссын хурлыг ирэх Даваа гарагт яаралтай хуралдуулж, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгуулах, цаашид үер усны аюулаас урьчдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийх талаар мэргэжлийн байгууллагуудын саналыг авч хэлэлцэн, хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлно” гэв.
Мөн үерийн улмаас үүссэн хог хаягдлыг шуурхай цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.