1. Англи улсад газар нутгаа түрээслүүлсэн 100 жилийн гэрээ нь дуусаад, гэрээ ёсоор Хятадад буцаж ирсэн. Гэтэл хүн ард нь осолдохгүй хятад цус, угшил, төрхтэй боловчиг хятад сэтгэхүй нь арилсан, эх газрын хятадуудаас хамаагүй “эрх чөлөөт” ертөнцөд 100 жил буюу 4 үеэрээ амьдарч, амьсгалсан хятад гэхэд хэцүү “цоо шинэ” “хонконг” гэх “үндэстэн” бүрэлдэн бий болжээ!
Тиймээс тэд хатуу улс төрийн дэглэмтэй, эх газрын засаг захиргаа, төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, хүлцэн дагах ямар ч боломжгүй болсон шиг байна!
Тэгэхээр эрх чөлөөнийхөө төлөө ингэж тэмцэх нь яалт ч үгүй тэдний зөв гэхээс өөр аргагүй мэт. Хэрвээ Хонконг тусгаар тогтновол Өвөр Монгол, Төвөд, Шинжаан Уйгур гээд дарьтай торхнууд дуу дуугаа авалцан дэлбэрч, тус тусын тусгаар тогтнолын төлөө хөдөлцгөөх нь дамжиггүй. Тэгвэл хүчээр нэгтгэсэн 5 угсааны БНХАУ зад үсэрнэ. Ер нь хүчээр барьсан бүхэн хэзээ нэгэн цагт задрах нь жам. Тэгвэл хятадууд бүрмөсөн баларна. Тусгаар болсон Өвөр Монгол Улстай бид хиллэх нь цаг хугацааны асуудал болж, Азийн улс төрийн газрын зураг цоо шинээр зурагдана.
Бясалгал, Даншиг, Е-март, Хийморийн овоо гэхээр хэдэн мянгаараа цугладаг манайхныг бодвол тэмцэж чаддаг ард түмэн юм. Зөвтгөх, дэмжих бодлын өнцөг энэ!
2. Энэ бослого тэмцлийн ард өнөөх л Барууныхан байгаа нь одоо нэгэнт ил болжээ!
Энд тэнд гардаг өнгөт хувьсгалуудын ард ямагт тэд байж, бага буурай эсвэл өөрсдөд нь таалагдаагүй, өрсөлдөгчдийнхөө газрын тос, байгалийн баялагт шунахдаа “ардчилал, хүний эрх, эрх чөлөө” гэсэн хуурамч үгээр халхавч хийж, хутган үймүүлж, задлан бутаргаж, тусгаар тогтносон, бие даасан улсын бүрэн эрхэд халдаж, үймээн самуун дэгдээгээд, эцэст нь чөлөөлөх нэрээр халдан довтолж, дээрмийн дайн явуулж, сүйрүүлдэг.
Кувейт, Ирак, Афганистан, Сири, Ливийг хар! Ямар улс байсныг ямар болгов тэд?!
Хонконг нь эртнээс өмнөд хятадын нутаг, Англид түрээслүүлээд буцаагаад хурааж авсан Хятадын хууль ёсны газар нутаг. Тэгтэл Дорнодоо Хятадад, Өмнөговио Японд түрээслүүлье, Америкийн цэргийн бааз байгуулъя, НАСА-гийн сургалтын төв болгоё, тэгвэл ахиухан мөнгө олно гээд хөөрцөглөөд байгаа манайхны охорхон бодолтой олон хүн энэ мэт алс ирээдүйд гарах, зайлшгүй нөхцөл байдлыг огт олж харахгүй нь дэндүү харалган санагддаг.
Хэрэв тэр мэтээр Өмнөговио, Дорнодоо түрээслүүлбэл тэнд суурьшсан гадныхан өсөж үржсээр сүүлдээ хэдэн саяуулаа болж Монголын хүн амын олонх болоод, засаг төрийг мэдвэл яана? Олонх болдоггүй юм гэхэд бид энэ газар нутаг дээр 100 жил амьдарсан гээд тусгаар тогтноно гээд хонконгчууд шиг босвол яана?!
Харийн эрхшээлд орж, газар нутгаараа тусгаарлагдсан манай буриад, өвөрлөгч ах дүү нар бидний нүдэн дээр уусан хайлж, сүүлдээ өөрсдөө бид монгол биш, буриад гэдэг өөр үндэстэн гэж ярьж, оросоор ярьж байгаагаараа бахархаж, Алтаргана наадмаараа ялгарч, онцгойрдог болсон нь эмгэнэлт жишээ.
Энэ талаас нь харвал нэг үндэс угсаатай, нэг газар нутагтай хятадууд нэг төртэй, нэгдмэл байхын төлөө зүтгүүлж байгаа БНХАУ-ын эрх баригчдын зөв мэт.
Л.Мөнхтөр