Чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 57 кг-ын жинд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 53 кг-ын жин тус бүрт 2019 онд түрүүлсэн өдгөө 18 настай М.Пүрэвтунгалаг охин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийн дарамт шахалтын улмаас оролцох боломжгүй боллоо хэмээн өнөөдөр гэр бүлийнхний хамт мэдэгдсэн билээ. Тэрээр миний оролцох тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга болон шигшээ багийн тамирчдын дарамт шахалтын улмаас намайг энэхүү тэмцээнд оролцуулаагүй хэмээн мэдэгдсэн юм.
М.Пүрэвтунгалагийн ээж С.Наранчимэг “Охин маань есдүгээр сарын 3-нд эмчид үзүүлэхэд 4-нөөс эхлүүлэн долоо хоногийн хугацаатай эмчийн магадлагаа бичиж өгөхийн хамт дөрвөн төрлийн шинжилгээ өг гэсэн байна. Тэдгээр шинжилгээг 5-ны өдөр өгөхөд бүгд хэвийн гарсан.
Гэтэл охин минь дэлхийн аваргад оролцох боломжгүй болох гэж байна. Яагаад ийм нөхцөл үүсээд байгаа талаар Б.Баттулга дасгалжуулагчтай уулзан, холбогдох баримт бичгүүдийг үзье гэсэн юм. Ингэхэд тэдгээр баримт бичгийн дунд 14 хоногийн хугацаатай, эмчийн ямар нэг тамга тэмдэггүй акт байсан.
Харин спортын эмч Ч.Насанбат долоо хоногийн хугацаатай акт бичсэн гэж байгаа юм. Мөн дасгалжуулагч Б.Баттулга охиныг минь ирээдүйтэй тамирчин, гэхдээ ДАШТ-д өөр тамирчин оролцуулахаар нэрийг нь явуулсан. Монгол улс олимпын эрх авах хэрэгтэй гэсэн.
Охин минь сэтгэл санааны хүнд дарамтад байна, бэлтгэлээ хийж чадахгүй байна, хичээсэн ч өөр хүнийг явуулах гээд байна гэж уйлаад ярьдаг болсон. ДАШТ-д оролцох тамирчид есдүгээр сарын 12-нд эх орноосоо мордох тул түүнээс өмнө яаралтай энэхүү асуудлыг шийдэж, охиныг минь ДАШТ-д оролцуулахыг Монголын чөлөөт бөхийн холбооноос хүсэж байна” хэмээн мэдэгдлээ.
Мөн энэ үеэр М.Пүрэвтунгалаг тамирчны аав, ах нь УАШТ-д түрүүлж ДАШТ-д оролцох эрхээ авсан тамирчны өмнөөс өөр хүн оролцуулах гэж байгааг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан юм.
Үүнтэй холбогдуулан Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга мөн сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга “М.Пүрэвтунгалагийн ээжтэй ярилцаж, нөхцөл байдлыг танилцуулсан боловч хэт нэг талын мэдээлэл хийжээ. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбоотой зөвлөлдөж, албан ёсны тайлбар, мэдээлэл гаргана. Улсын аваргад түрүүлсэн эсэх нь ДАШТ-д улсаа төлөөлөн оролцох тамирчныг сонгох нэг үзүүлэлт. Түүнээс гадна бэлтгэл, сахилга бат, гэмтэл бэртэл зэрэг олон үзүүлэлтийг харгалздаг. Энэ жилийн УАШТ-д түрүүлсэн тамирчид ДАШТ-д оролцох 99 хувийн эрхтэй байсан. Гэвч М.Пүрэвтунгалагийн гурван газар нь хатиг гарсан. Хатигийг нь бид 40 гаран хоног эмчилсэн. Хатиг нь 3-4 хоног гараад л алга болно. Тэгээд буцаад гардаг байсан. Ингээд зургадугаар сард эрчимжүүлсэн бэлтгэлд хамрагдалгүй, шинжилгээний бичигээ ч өгөөгүй. Ингээд бид эмчийн дүгнэлтийн дагуу түүний оронд Сумъяаг оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ жин бол олимпийн жин учир энэхүү шийдвэрийг гаргасан” гэх тайлбарыг өглөө.