ОХУ-ын Зэвсэгт хүчнээс зохион байгуулж буй \”Олон улсын армийн тоглолт-2016\”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй тэмцээн уралдааны тухай мэдээлэл хүргэхээр шийдлээ. 2016 оны 7 дугаар сарын 30-нд нээлтээ хийсэн энэхүү тоглолтын хүрээнд 23 төрлийн цэргийн уралдаан тэмцээнд 20 полигон дээр зэрэг явагдах ба 2016 оны 8 дугаар сарын 13-нд хаалтаа хийх юм. Манай улсын хувьд танкийн биатлон, мэргэн буудагчийн болон цэргийн хээрийн гал тогоо гэсэн тэмцээнүүдэд оролцож байгаа. Эдгээр гурван тэмцээний тухай товч ойлголт өгье. Явагдаж буй тэмцээн, уралдааны дүнг интернетээс \”eng.armygames2016.mil.ru\” гэсэн хаягаар ороод англи, франц болон орос хэл дээр харж болно.
1. Танкийн биатлон: Энэ тэмцээнд манай армийн шилдэг танкчид 3 дахь удаагаа оролцож байна. Тэмцээн 17 орны шилдэг танкчид танк нэг бүрийн болон багийн гэсэн хоёр ангилалаар тогтоосон маршрутаар саадын зурвасыг туулах ба замдаа өгөгдсөн төрөл бүрийн \”бай\”-г өөрийн үндсэн болон туслах зэвсгээр устгадаг юм. Энэ тэмцээний тухай мэдээ мэдээлэл олон бий.
2. Снайперский рубеж: Казакстан улсын \”Гвардейский\” полигонд явагдаж буй хамгийн шилдэг мэргэн буудагч шалгаруулах энэхүү тэмцээнд ОХУ, Казакстан, БНХАУ, Венесуэла, Иран, Зимбабве, Монгол, Энэтхэг, Беларусь, Грек гэсэн 10 орон оролцож байна. Улс бүр 10 хүнтэй нэг баг оролцуулж байгаа ба үүнд мэргэн буудагчийн 3 хос(2 нь үндсэн 1 нь нөөц), 2 хүнтэй дасгалжуулагчийн бүлэг, 2 хүнтэй засвар үйлчилгээний бүлэг багтана. Тэмцээний үеэр шилдэг мэргэн буудагч, шилдэг мэргэн буудагчийн хос, туршуул болон тусгай ажиллагаа явуулах шилдэг мэргэн буудагчийн баг гэсэн ангиллаас бүрдэж байна. Оролцогчид бүгд 7,62 мм-ийн мэргэн буудагчийн винтов \”СВД\”-г ашиглах юм. СВД гэдэг нь Драгуновын мэргэн буудагчийн винтов гэсэн товчлол юм. Энэ винтов нь 4,3 кг жинтэй, 1225 мм урт, 1963 оноос оросын армийн зэвсэглэлд орсон шилдэг буу билээ.
3. Полевая кухня: Хээрийн гал зуухад ажиллах цэргийн шилдэг тогооч нарыг шалгаруулах тэмцээнд ОХУ, Казакстан, БНХАУ, Монгол, Египет, Ангол гэсэн 6 улс оролцож байна. Тэмцээн нь дараах гурван үеэс бүрдэнэ. Нэгт автоматын буудлага, хоёрт багуудын хоорондох хоол хийх болон талх барих тэмцээн, гуравдугаарт Үндэсний шилдэг хоол бэлтгэх уралдаан болох юм. Тэмцээнд багууд ПП-40 хээрийн гал зуух, КП-30, КП-130 халуун тогоо, ПХБ-0,4 талх баригч чиргүүл зэрэг хэрэглэл ашиглана. Баг тус бүр 5 хүнээс бүрдэх ба багийн ахлагч, 2 тогооч, 2 талхчин, бас нэмэгдээд засвар үйлчилгээний 2 хүн орж болох юм байна.
Р.Энхболд