УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшлийн “Монполимет” компани улсад их хэмжээний хохирол учруулсан гэх асуудалд Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид ашиг сонирхлын үүднээс хандсан эсэхийг тогтоолгохоор Хуульч Д.Хишигбаяр, н.Бямбадорж нар өнөөдөр АТГ-т хандлаа.
Хуульч Д.Хишигбаяр: “Монполимет” компани нь Монголбанктай 2003 оны хоёрдугаар сарын 28-нд, 2005 оны нэгдүгээр сарын 1-нд, 2006 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд арилжааны ерөнхий гэрээ байгуулсан байдаг.
2007 онд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарч, алт олборлогч компаниудтай байгуулж байсан арилжааны гэрээг дуусгавар болгосон. 2006 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Монполимет” компанитай байгуулсан арилжааны гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн. Үүний зэрэгцээ гэрээг цааш сунгасан. Монголбанк нь “Монполимет” компанийн төлөх ёстой 10 тэрбум 615 сая 924 төгрөг 551 мөнгийг төлөөгүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг.
Уг нэхэмжлэлтэй холбоотойгоор 2016 онд “Монполимет” компаниас тайлбар ирүүлсэн. Тус тайлбарт иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.2.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн байдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Монголын төрд төлөх байсан 10 тэрбум 615 сая 924 төгрөг 551 мөнгийн асуудлыг хэрэгсэхгүй болгосон.
Гэтэл Монголбанкны удирдлагууд шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэлгүй давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргалгүй явсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэмэмжлэл гомдол гаргасан. Тиймээс Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгуулахаар АТГ-т хандаж байгаа юм” гэх тайлбарыг өглөө.