Монгол-Чехийн бизнес форум МҮХАҮТ-д өчигдөр /2019.10.01/ үргэлжиллээ. Уг арга хэмжээг нээж БНЧУ-ын Парламентын Сенатын дарга Ярослав Кубера, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродски, тус улсын Эдийн Засгийн Танхимын Дэд Ерөнхийлөгч Боривож Минаарж болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар үг хэллээ.
Манай улс 2019 оны эхний хагас жилийн байдлаар 4.0 сая ам.долларын үнийн дүнтэй худалдааг Чехийн талтай хийсэн бөгөөд цаашид энэ тоог нэмэгдүүлэхэд хоёр орны бизнес эрхлэгчдийн үр ашигтай хамтын ажиллагаа чухал болохыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн үгэндээ онцоллоо.
Бизнес форумын үеэр дараах гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. Үүнд:
1. Чехийн бизнесменүүдийн худалдаа эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих төслийг хэрэгжүүлэх гэрээ
2. БНЧУ-ын Эдийн засгийн танхим, МҮХАҮТ хооронд хамтын ажиллагааны санамж бичиг
3. БНЧУ-ын Эдийн засгийн танхим, Монголын барилгын үндэсний ассоциаци хоорондын Барилгын салбарын хамтын ажиллагааны санамж бичиг
4. Алфакон компани SICA LLC компаний хамтын ажиллагааны санамж бичиг
5. Оспро МБ, BATA LLC- ны хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт
6. Монфреш Комплекс ХХК компани, Ательер Цунами ХХК компанийн хамтын ажиллагааны санамж бичиг багтжээ.
Монгол-Чехийн бизнес форум B2B уулзалтаар үргэлжилж Чехийн уул, уурхай, барилга, технологийн болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг 16 компани, Монголын талаас 70 гаруй компанийн 100 гаруй төлөөлөгч оролцож байна.