Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катарын Доха хотноо амжилттай зохион байгуулагдаж өчигдөр /2019.10.16/ өндөрлөлөө. Анх удаагаа зохион байгуулагдаж энэхүү тэмцээнд дэлхийн 97 улсын 1000 гаруй тамирчин спортын 14 төрөлд өрсөлдсөн юм.
Монгол улсын баг тамирчдыг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав ахалж, багийн дасгалжуулагчаар С.Тулга, С.Төгсжаргал нар оролцсон байна.
Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А. Ананд, Ч. Ихбаяр, Г. Ган-Эрдэнэ, Б. Алтангэрэл нар багтаж хэсгийн тоглолтод Йорданы багийг 22:10, Намиби улсын багийг 21:12 харьцаатай хожсон хэдий ч Украины багт 15:17-ийн харьцаатай хожигдол хүлээн хэсгээс хоёрт жагсан шигшээ наймд шалгарсан юм.
Харин хасагдах шатанд хэсгээ тэргүүлсэн, дэлхийн шилдэг тавд жагсаж буй БНХАУ-ын багтай тоглож 20:17-ийн харьцаатай хожил байгуулж шилдэг дөрөвт үлдсэн юм. Энэхүү тоглолтод эсрэг багийн алдаа болон манай багийн холын зайн шидэлтүүд дараалан амжилттай болж байсан нь хожлын шалтгаан болж өгсөн.
Гэвч дараагийн шатны тоглолтод ОХУ-ын багтай тоглож 21:8-ын харьцаатай хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө тоглох болсон юм. Хүрэл медалийн төлөө хэсгийн тоглолтод хожигдол хүлээгээд байсан Украины багтай дахин тоглож хожсноор Дэлхийн элсний спортын анхдугаар наадмаас Монгол Улсын баг хүрэл медаль хүртлээ.
Харин эмэгтэй баг хэсгийн сүүлийн тоглолтоо Нидерланд улсын шигшээ багийн эсрэг хийж 5:21 оноогоор хожигдол хүлээлээ. Ингэснээр манай охид хэсгийн бүх тоглолтоо дуусгасан. Тэд эхний тоглолтоо Мадагаскар улсын багтай тоглож, 11:10 харьцаатай буюу ердөө нэг онооны зөрүүтэй хожигдсон бол Бразилын багт 21:10 харьцаатай хожигдол хүлээн тэмцээнээ өндөрлөсөн юм.