Парис хотноо хуралдсан Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF /Financial Action Task Force/ Монгол Улсыг цаашдаа хяналтад байх орны жагсаалт буюу “Саарал” жагсаалтад орууллаа.
Энэ жагсаалтад Монголоос гадна Исланд, Зимбабве улсыг оруулахаар шийдвэрлэжээ. Албан мэдэгдэлд “Эдгээр орнууд нь FATF-ийн зөвлөмжийг биелүүлж, ноцтой дутагдлуудыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан байна. Мөн энэхүү төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэж байгаа” гэдгээ илэрхийлжээ.
Монгол улсын хувьд 2019 оны 10 дугаар сард Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдлыг бэхжүүлэх чиглэлээр Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) болон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG) байгууллагатай тус тус хамтран ажиллахаа мэдэгдсэн билээ.
FATF-аас Монгол улсыг сүүлийн хоёр жилийн хугацаанд техникийн хэрэгжилтийн хэд хэдэн зөвлөмжийг хангахад дэвшил гаргасан хэмээн дүгнэсэн байна. Цаашид мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргах,терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн дэвшил гаргаж ажиллахыг зөвлөжээ.