Жил бүрийн Наймдугаар сард иргэд хуш модны самар түүж зөвшөөрөлгүйгээр хууль бус борлуулалт хийж эхэлдэг. Ялангуяа самар бүрэн боловсорч гүйцээгүй байхад түүж борлуулдаг нь халдварт өвчин, хордлого ихэсэх нөхцөлийг үүсгэдэг. Самар түүх гэж яваад золгүй байдлаар нас барах, гэмтэж бэртэх тохиолдол жил бүр цөөнгүй гардаг. Энэ жил ч мөн адил иргэд болгоомжгүйгээс болж амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Өнгөрсөн долоо хоногт самар түүж яваад модон дээрээс унаж биедээ хүнд гэмтэл авсан хоёр иргэн ГССҮТ-д хүргэгдсэн бол өнгөрөгч амралтын өдөр хоёр иргэн амь насаа алджээ.
Тодруулбал: ЧД-19 хороо \”Яргайтын зусланд модон дээрээс хүн унаж нас барсан байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, тус хороонд оршин суух Б /эр.40н/ самар түүхээр модонд авирч байгаад унаж нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Мөн БЗД-20 хороо\”Гачууртын Бурхантын аманд самар түүж байсан хүн модноос унаж нас барсан” гэсэн мэдээллийг шалгахад, Ё /эр.36н/ нь самар түүхээр модонд авирч байгаад 8 метрийн өндрөөс унаж амиа алджээ.
Энэ мэтчилэн хууль бусаар самар түүхээр иргэд яваад өндрөөс унаж бэртэх, цаашлаад амиа алдах харамсалтай хэргүүд гарсаар байна. Тиймээс самаранд явж байгаа иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж, модонд авирахыг мөн болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалахыг анхааруулж байна.
Б.Нараа
Үндэстэн агентлаг