Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо энэ сарын 25-нд хуралдахаар болсон. Тус хурлаар эхний ээлжинд намын даргаа сонгох болов уу гэсэн таамаг бий. Намын шинэчлэлийн хорооноос өгсөн мэдээллээр хүн нэг бүрийн алдаа дутагдлыг ярихаас илүү дүрмээ шинэчлэх, тогтолцоогоо шинэчлэх зорилт тавьж байгаа. Түүнчлэн ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх, зарим гишүүдийг ҮЗХ-ноос чөлөөлөх асуудал ч хөндөгдөж болзошгүй.
Сонгуулийн өмнө АН-ын Хяналтын ерөнхий хороо тогтоол гаргаж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах товч дарсан нэр бүхий найман гишүүнийг намаас хасах нь зүйтэй гэж үзсэн байгаа юм. Түүнчлэн чуулганы хуралдаанд ирээгүй долоон гишүүнд хариуцлага тооцох асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногт хуралдах ҮЗХ-гоор дээрх 15 гишүүнийг авч хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж. Харин намын даргад Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр нар горилж, нэр дэвшихээр санал цуглуулж яваа гэх мэдээлэл ч байна. Гэвч зарим эх сурвалжууд ҮЗХ-оор намын даргаа томилохгүй гэж мэдээлж байна.