Өнөөдөр манай улсаас хоёр чөлөөт бөхийн тамирчин өрсөлдөнө. Эрчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр эхний тойрогт Сенегалын Адама Диаттатай оноолт таарсан юм. Энэ бөх 28 настай, 2008 онд Африкийн аварга болоод Бээжингийн олимпод 55 кг-д зодоглож байв. Тэрбээр шөвгийн 16-д Японы Томохиро Мацүнагад ялагдсан. Манай тамирчин түүнийг ялвал 2014 онд Ташкентийн ДАШТ-ээс 61 кг-д хүрэл медаль хүртсэн Кубын Йовлес Бонне, Узбекистаны 18 настай залуу тамирчин Аббос Рахмонов нарын хэн ялсантай нь хүч үзэх аж.
Харин 74 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат эхний тойрогт хийлээд шөвгийн 16-д Туркийн Сонер Демиртастай хүч сорино. Турк эр өнгөрсөн онд Бакуд болсон Европын наадмаас мөнгө, энэ онд тивийнхээ АШТ-ээс алт, 2014 онд хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль зүүсэн юм.
Түүнийг ялвал дараагийн тойрогт өнгөрсөн оны АНУ-ын Лас Вегас хотноо болсон ДАШТ-ий 70 кг-д мөнгөн медаль хүртсэн Ираны залуу бөх Хассан Яздани, Гайти улсын 38 настай ахмад тамирчин Аснег Кастелли нарын хэн ялсантай нь хүч үзнэ. Гайтигийн тамирчин АНУ-д өссөн. Тэрбээр 2005 оноос хойш Гайтигийн чөлөөт бөхийн холбоог үүсгэн байгуулж, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажиллахаас гадна Бээжин, Лондоны олимпод оролцсон. Энэ удаагийн олимпод мөн цагаан хуудсаар өрсөлдөх боломжтой болсон юм. Кастелли Гайтигийн олимпийн тугчаар оролцсон билээ.
Чөлөөт бөхийн тэмцээн Монголын цагаар 22:00 эхэлнэ.