\”Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 74 кг-ийн жинд ОУХМ П.Өнөрбат хоёрдугаар тойрогт Туркийн бөх Демиртастай хүч үзлээ.
П.Өнөрбатад Монголчууд бид найдлага хүлээлгэж байсан. Гэвч тэрбээр эхний үед дөрвөн оноо алдсан. Харин дараагийн үед хоёр оноо салгаж, бага зэрэг горьдлого төрүүлсэн ч хашир туршлагатай Демиртасийн хамгаалалтыг сарниулж чадалгүй цагаа дуусгалаа.
Ийнхүү тэрбээр 4:2-ийн харьцаатайгаар энэ удаагийн барилдаанаа өндөрлүүллээ. Улмаар Туркийн бөх Сонер Демиртас Ираны бөх Хасан Язданытай барилдаж, оноогоор ялагдсанаар П.Өнөрбат дагах барилдаан хийх боломжгүй болж энэ удаагийн олимпийн наадмаас хасагдлаа.
Хэрвээ Сонер Демиртас Ираны Хасан Язданыг ялсан бол манай бөх дагах барилдаан хийх боломжтой байсан юм.
Ямартай ч, П.Өнөрбатын хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо буюу эхнийхээ барилдаанд Туркийн бөх Сонер Демиртаст ялагдсанаар энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлж байна.