\”Рио-2016” олимпийн наадмын 14 дэх өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн барилдаан болж, энэ жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Сенегалийн бөхтэй таарч барилдсан ч харамсалтайгаар ялагдал хүлээлээ.
Э.Бэхбаяр эхний тойрогт Сенегалийн бөх Диатта Адамаг 3:0 харьцаагаар илүүрхсэн ч дараагийн тойрогт өрсөлдөгчдөө нэг оноо алдсан. Улмаар цаг дуусахаас таван секундын өмнө Сенегалийн бөхөд дахин хоёр оноо алдаж 3:3-ийн харьцаагаар тэнцсэн ч сүүлд авсан онооны давууны эрхээр Сенегалын бөх ялалт байгуулж, тэмцээнээ цааш үргэлжлүүлсэн.
Э.Бэхбаяр Сенегалын бөхөөс бүх юмаараа илүү байсан ч харамсалтай нь хайнга барилдаж ялагдал хүлээснээр дагах барилдааныг харах болсон. Гэвч Сенегалын бөх Кубын бөхөд ялагдсанаар Э.Бэхбаяр дагах барилдаан хийх боломжгүй болж энэ удаагийн олимпийн наадмаас ганзага хоосон ирэх нь тодорхой боллоо.