1. Эрчим хүчээ хэмнэж, ухаалаг, зөв хэрэглээг нэвтрүүлснээр Та цахилгаан эрчим хүчинд төлөх мөнгөө хэмнэнэ.
2. Монгол улс ОХУ болон БНХАУ-аас эрчим хүч өндөр үнээр импортлож авдаг. Хэрэглэгч бүр тодорхой хэмнэлтийг хийснээр нийлүүлэлтийн саатлыг багасгаж цахилгааны импортын эрчим хүчийг бууруулах боломж бүрдэнэ.
3. Эрчим хүч үйлдвэрлэхтэй холбоотой хүлэмжийн хийн бууралт, байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэмнэх боломжийг бий болгож чадна. Тиймээс хэрэглэгч Та эрчим хүчний хэрэглээгээ хянаж, өрхийн зардлаа бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулахын тулд өөрт байгаа цахилгаан хэрэгслээ зөв хэрэглэх, аль болох эрчим хүч бага зарцуулдаг цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж хэвших зэрэг алхмуудыг хийгээрэй.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ ЭНГИЙН ЗҮЙЛЭЭС ЭХЭЛНЭ…
Компьютер-Шаардлагагүй үед дэлгэцийг бүрэн унтрааж заншсанаар компьютерийн эрчим хүч зарцуулалтыг 40 хувь бууруулах боломжтой.
Хөргөгч-Халуун хүнсний зүйлийг тасалгааны температур хүртэл хөргөж байж, хөргөгчинд хийх, мөн дотор талыг цэвэр байлгахад анхаараарай. Хөргөгчийг 30°С орчим хэмтэй халуун өрөөнд байлгавал энгийн үеэс хоёр дахин их эрчим хүч зарцуулагдаг байна. Хөргөгчөө хэт их дүүргэж болохгүй. Хөлдөөгчний температур -18˚С, хөргөгчнийх 5˚С-2˚С-н хооронд тохируулсан үед хамгийн сайн ажиллаж, эрчим хүч хэмнэдэг.
Цахилгаан чийдэн-Цахилгаан бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлтэт гэрлийн шил ашигласнаар та ердийн гэрлийн шилнээс 8 дахин урт хугацаанд ашиглаж, 60 хувь бага эрчим хүч зарцуулна. Гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэрэгслийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй.
Цонх-Цонхны шилийг угааж байнга цэвэр байлган байгалийн гэрэлтүүлэг ашигласнаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувь хэмнэх боломжтой.
Хоолны сав-Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуугийн хэмжээ нь цахилгаан зуухны ширэмний хэмжээтэй адил, сав суулганы ёроол үргэлж цэвэр байх нь цахилгааныг хэмнэх ач холбогдолтой.
Тоос сорогч-Та өрөөнийхөө шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлын тоос сорогчийг сонгох хэрэгтэй. Тоос сорогчоо байнга цэвэрлэж байвал тоос сорогчийн ашиглах хугацааг нэмэгдүүлэхээс гадна эрчим хүчээ хэмнэж чадна.
Богино долгионы зуух-Богино долгионы зуухыг бага хэмжээгээр бэлтгэх хүнсийг боловсруулахад ашиглах бөгөөд уламжлалт зуухаас 60 хувь бага цахилгаан зарцуулдаг. Индүү-Өндөр температураар индүүдэх зүйлээ эхэлж индүүдэх, дараа нь температурыг бууруулах дарааллаар хувцсаа индүүдэх хэрэгтэй. Хамгийн сүүлд индүүгээ салгаад дулаанд тэсвэргүй зүйлийг индүүдээрэй.
Гар утас-Танайх гар утсаа цэнэглээгүй хирнээ цэнэглэгчээ розетка эсвэл олон залгуурт залгаатай орхидог уу? Цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр л байдаг гэдгийг анхаараарай.
Залгуур- Ашиглаагүй үедээ цахилгаан хэрэгслийн залгуурыг салгаж байхыг айл өрх бүр гэрийнхээ дүрэм болго. Ашиглахгүй байгаа ч залгууранд залгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг байна.
Угаалгын машин- Угаалгын машинаа дүүргэж угааж бай, хэрэв дүүргэж угаагаагүй бол угааж буй хувцасны хэмжээнд тааруулж угаалгын циклийг нь богино болго. Хувцас хатаагч дүүрэн үедээ сайн ажилладаг.