УИХ-ын чуулганы пүрэв нэгдсэн хуралдаанаар, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг гишүүдийн 65 хувийн саналаар баталсан.
Өнөөгийн байдлаар, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нэг жилийн хугацаанд 205.1 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшнээр ялгаж тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцын холбогдох заалтыг зөрчиж байгаа юм.
Тиймээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудлыг тогтоолд тусгажээ.
Тогтоолыг баталснаар нийт хүүхдүүдийн 85-90 хувь хүсэлт гаргана хэмээн холбогдох албаныхан тооцож буй юм. Нийт хүүхдийн 85 хувьд олгоход улсын төсвөөс 13 тэрбум, 90 хувьд олговол 36 орчим тэрбум төгрөг нэмж гаргах аж.