АНУ-ын эрдэмтэд хүн төрөлхтөн яагаад жин нэмж, таргалдаг шалтгааныг тодруулах судалгаа хийсэн байна. \”Plos one”
шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн эрдэмтдийн хийсэн судалгаагаар олон төрлийн хоол хүнс нь таргалалтын гол үндэс суурь болдгийг тогтоожээ. Энэ судалгааг Техасын их сургууль болон Фридманы нэрэмжит Тафтсагийн хоол хүнсний шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэд хамтран явуулжээ. Зарим хүний суугаа ажил таргалж жин нэмэх гол шалтгаан болдог хэмээн үздэг бол эдгээр их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар олон дүгнэлтийг нэг дор гаргаснаараа онцлог болсон гэнэ. Энэ судалгааны гол зорилго нь хүнд чихрийн шижин өвчин ямар шалтгааны улмаас үүсдгийг тодорхойлох байсан юм.
6.800 сайн дурынхан оролцсон судалгааг 2000 онд хийж эхэлжээ. Судалгааны явцад таван жил тутамд оролцогчдын хоол хүнсний мэдээлэлд ажиглалт хийж, бэлхүүсний хэмжээг авч байжээ. Сайн дурынхан энэ жилүүдэд бүгд хоолны дэглэм баримталж байсан ч өдөр, оройн хоолондоо олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан иргэдийн бэлхүүсний хэмжээ нэлээд нэмэгдсэн болох нь тогтоогджээ. Олон төрлийн хүнсийг нэг дор хэрэглэх нь хүний бодисын солилцоонд нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг эндээс эрдэмтэд хийсэн юм байна.
Биеийн жингээ нэг төвшинд барихыг хүсвэл ердөө бодисын солилцоогоо хэвийн хэмжээнд байлгах буюу хурдан хугацаанд шимэгдэн шингэх хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг тэд гаргасан байна. Олон төрлийн хоол хүнс нь артерийн даралтыг ихэсгэхээс гадна цусан дахь чихрийн хэмжээг нэмдэг байна. Ингэснээр цусны эргэлтийн системийн өвчлөлд өртөх, гэдэс хэвлийн хэсэгт өөх тос хуримтлагдан жин нэмдэг аж. Хэдийгээр хоолны дэглэм барьж байгаа ч хүнсний ийм хольцыг хэрэглэсэн нөхцөлд хоолны дэглэм нь үр нөлөөгүй болдгийг ч тогтоосон байна.
Эх сурвалж: \”Зууны мэдээ” сонин