Өнөөдөр шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих саналыг хянан хэлэлцлээ. Ингээд тус асуудлыг авч хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн прокурорын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан байна.
Тус шүүх хуралдааны дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Өчигдөр сүүлийн хагас жилийн хугацаанд над руу дайрсан гүтгэлгүүдэд миний бие хариу тайлбар өгсөн. Уг нь хуулийн байгууллагаас тайлбар хийх ёстой байсан чимээгүй байсаар байгаа нь олон нийтэд намайг хэрэг хийсэн мэтээр харуулах сонирхолтой байсан шиг санагдсан.
Нэг зүйлийг хэлэхэд Г.Батхүү агсныг нас барсантай холбоотойгоор хэн нэгнийг яллагдагчаар татах нь байтугай эрүүгийн хэрэг ч үүсгээгүй.
Үнэнээ мэдүүлсээр байтал яагаад худал мэдүүлэг өгсөн гэж цагдаагийн байгууллага гүтгээд байгааг би прокуророос асуусан. Гэтэл прокуророос юу ч хэлж чадахгүй байна. Үүнийг дахиж надтай холбож бүү яриарай.
Сая болсон шүүх хурлаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокурорын байгууллагаас ирүүлснийг хэлэлцсэн. Шүүх хүлээж авалгүй татгалзлаа. Шүүх шударга байлаа, үүнд талархаж байна” хэмээн мэдэгдлээ.