Монгол Улс-БНХАУын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бүтэн жил тэмдэглэн, өнөөдөр хаалтаа хийв. Хаалтын ёслолд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон Хятад улсад ажиллаж байсан ахмад дипломатуудын гэр бүлийн төлөөлөл оролцлоо.
Хаалтын ёслолын үеэр ГХЯ-ны Төрийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлэхдээ, энэ оны 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-д төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэхүү төлөвлөгөөнд улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт болон орон нутгийн чиглэлээр нийт 70 ажил тусгасан нь өнөөдрийн байдлаар үндсэндээ амжилттай хэрэгжээд байгааг онцлон тэмдэглэв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд тэмдэглэсэн олон талын, баялаг агуулгатай арга хэмжээнүүдийг хамтран амжилттай хэрэгжүүлснийг онцлоод үүнд гар бие оролцож ажилласандаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Гадаад харилцааны төв архив, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Архивын газар хамтран гаргасан “Элчин Товчоон” номын нээлт мөн энэ үеэр боллоо. Энэхүү бүтээлд өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсад харилцан сууж байсан Элчин сайд нарын үйл ажиллагааг тод томруунаар тусган харуулжээ.