Эрх баригчид өөрсдийн эрх мэдлээ хадгалахын тулд бэлэн мөнгө амлаж, тараах явдал удаа дараа гарсаар байгаа. Тэдний энэхүү явдал нь улсын эдийн засагт хүнд дарамт болж, иргэдийн нуруун дээр буцан буудаг. Тэгвэл эдгээр алдааны нэг болох 2008 оны сонгуулиар мөнгө тараасан явдал нь буруу үйлдэл байсныг Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн твиттер хуудастаа жиргэлээ.
С.Баяр “Буруугаа хүлээе! 2008 оны сонгуулиар бид мөнгө амласан. АН 1 сая гэхэд нь 1,5 болгож өсгөсөн. Олсон хэдээ хүүхэд, хөгшин, оюутан гээд ийш тийш тараасан. Авсан нь мартаж, өгсөн нь буруутдаг хорвоо. Сонгуулийн дүн ч шал эсрэгээр гардаг. 2012, 2016 энэ киноны 2, 3-р анги гарсан. Одоо 4-р анги? Халамжийн тогтолцоог өөд татахын оронд хавтгайд нь тараасан нь буруу болсон. Тэрнээс хүүхэд, хөгшчүүлийн тэтгэмжийг нэмэх санаа, үйлдэл “бараан дурсамж” арай биш байх. Тэр үед эдийн засаг тэлж, иргэдийн амьжиргаа арай сайжирсан. Алдааг байн байн давтахгүй байх нь чухал тул энэ тухай ярих хэрэгтэй” гэсэн байна.