Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанкны холбогдох удирдлагуудын хамтаар АНУ-ын Сангийн яамны Азийн асуудал эрхэлсэн дэд сайд Роберт Капрот болон албаны бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газрын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үйл явцын талаар мэдээлэл солилцов. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын эрчимтэй хяналтаас 2020 онд багтаж гарахаар зорьж ажиллаж буй талаараа онцолсон бол АНУ-ын зүгээс Монгол Улсыг ФАТФ-ын Эрчимтэй хяналтаас гарахад нь дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа мөн илэрхийлэв.
Уулзалтад, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир болон холбогдох бусад газар, хэлтсийн захирлууд, АНУ-ын Сангийн яамны Азийн асуудал эрхэлсэн дэд сайд Роберт Капрот, АНУ-ын Сангийн яамны Зүүн азийн асуудал эрхэлсэн эдийн засагч Алисон МкГээ, АНУ-аас Монгол Улсад суух дэд элчин сайд Грегорий Мэй нар оролцсон юм.