Титэм вирусийн тархалтын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ.
Өмнөговь аймгийн Гашуунсухайттай хиллэдэг Халиут гэдэг газар манай улсын нутгаар 120 гаруй киллометрийн зайд орших газарт шинэ титэм вирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн тул Эрүүл мэндийн байгууллагын ажилчид бэлэн байдалд ажиллаж байгаа гэдгийг хурлын эхэнд мэдэгдэв.
ДЭМБ-аас “Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад титэм вирусийн 40550 тохиолдол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сүүлийн таван хоногт халдварын тохиолдол тогтворжиж байгаа ч 910 нас баралт бүртгэгдээд байна. Зөвхөн БНХАУ-д 6200 хүнд өвчтөн байна” гэж мэдээллээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Амралтын өдрүүдэд гурван тохиолдол тусгаарлагдан хянагдсан. Тухайлбал 2020.02.08-нд Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Өөрөөр хэлбэл титэм вирус илрээгүй. Харин H3N2 вирус илэрсэн.
Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэний хариу сөрөг гарсан. 2020.02.9-нд тусгаарлагдсан нэг тохиолдол байгаа. Энэ иргэний түүхийг нь авч үзвэл Хөххот-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Уг иргэний хариу мөн сөрөг гарсан. Одоогоор ХӨСҮТ-д Ухань хотоос ирсэн оюутнууд хянагдаж байна” гэлээ.
Сүүлийн үед титэм вирус нян тээгчээс халдах тохиолдол бүртгэгдэж байгаа учраас мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөмж хүргүүллээ.
Тус байгууллагаас хийсэн тандалт судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн 85 хувь нь стандартын шаардлага хангахгүй жорлон хэрэглэж байна. Энэ нь хөрсний бохирдлыг үүсгэх гол шалтгаан болно. Мөн иргэд, олон нийтийн газар нус, цэрээ ил задгай хаяхгүй байх заалт байдаг. Энэ заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахад хяналт шалгалтаа эрчимжүүлнэ гэдгийг хэлэв.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цагаан сарыг албан ёсоор тэмдэглэхгүй байх санал гаргасан. Үүний дагуу ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “БНХАУ-ын цагаан сар алдаа болсон. Улмаар титэм вирусийн тархалт дэгдсэн. Тиймээс манай улсын иргэд ч цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх нь зүйтэй” хэмээлээ.
ДЭМБ-аас маргааш /2020.02.11/ 500 ширхэг титэм вирусийн оношлуур ирэх юм байна.