УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон өөрийнх нь казино тоглосон зурагны талаар сэтгүүлчид асуув.
-Танай Д.Эрдэнэбат дарга өнөөдөр яагаад мэдээлэлд ирсэнгүй вэ. Казино тоглож буй зураг, бичлэг гарсан. Энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?
-Д.Эрдэнэбат дарга хөдөө орон нутагт томилолтоор явж байгаа. Казино тоглосон асуудлаар нь хувь хүний өмнөөс би тайлбар хийхгүй.
-Таны тоглож байсан зураг бас гарсан шүү дээ?
-Тэгсэн. Нэгдүгээрт энэ бол эртний зураг. Би гэр бүлийнхэнтэйгээ амралтаараа явж байгаад буудлын 50 долларын ваучер өгөхөөр нь түүгээр нь орж тоглосон. Хоёрдугаарт нь казинод тоглох тухай асуудлыг ямар нэг хуулиар зохицуулаагүй байсан. 2019 оны дөрөвдүгээр сард Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт ороод казинод тоглохыг хориглосон. Үүнээс хойш би казинод тоглоогүй. Тоглохгүй. Яагаад гэвэл хуулиа , дэгээ барьдаг хүн. Гуравдугаарт төрийн олон тэрбум төгрөгөөр тоглосон нөхдүүд байна. Компанийнхаа олон сая доллараар тоглосон хүмүүс байна. Гэр бүлийнхээ хэдэн зуун сая төгрөгөөр тоглосон хүмүүс байна. Би нэг зүйл хэлье. Казинод ер нь бол хождоггүй. Тийм учраас казинод монголчууд тоглох хэрэггүй.