Эх орны, их хотын хөгжил дэвшлийн түүхийг хамтдаа бүтээсэн Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ Монголд ууган улс төрийн хүчин байгуулагдсаны түүхт 99 жилийн ойн мэндийг хүндэтгэн дэвшүүлье.
Эх орон гэдэг ойлголт зөвхөн хилийн баганаар хэмжигдэхгүй билээ. Эх орон гэдэг бол Монгол хэмээх нэрээр овоглосон хүн бүрийн цохилох зүрхэнд лугшиж байдаг амь юм. Амиараа тэмцэж олж авсан энэ л эрх чөлөө, тусгаар тогтнол, аз жаргал, амгалан тайван амьдралаа бид үнэлж, амь шигээ хайрлаж явах учиртай.
Туурга тусгаар улсын голомтыг бадрааж, туждаа хөгжлийн түүхэн шанг түүчээлэн татаж, өнөөдрийн Монголыг бий болгосон баларшгүй гавьяа та бүгдийнх билээ.
Өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх 3 цагийн “манцуй”-д эх орон, ард түмнийхээ үүх түүх, өв уламжлал, хөгжил дэвшил, хэтийн зорилт, итгэл үнэмшил бүхнийг нандигнан энхрийлж ирсэн хэн бүхэнд Эх орончдын өдрийн цогтой халуун мэндийг хувиасаа болон нийслэлчүүдийнхээ өмнөөс дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголчууд бид эвлэлдэн нэгдэж, санаа зорилгоо нэгтгэж чадвал ямар их амжилтад хүрч болдгийн жишээг энэ өдрүүдэд бахархалтайгаар харж байна. Дэлхий дахинд түгээд буй аюулт өвчлөл Монгол Улсад тархахаас урьдчилан сэргийлэх хариуцлагатай ажилд нойр, хоолоо умартан хүчин зүтгэж байгаа олон мянган төрийн албан хаагчдын үйл хэргийг эх оронч сэтгэлтэй ард иргэд, нийслэлчүүд маань дэмжин ажиллаж байгаад гүн талархлаа илэрхийлье.
Монголын заяа ямагт өөдөө дэвжин байг!
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан