Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан гаднаа эко уншлагын цэцэрлэгтэй боллоо. Эко уншлагын цэцэрлэгийг Америкийн Монгол судлалын төвийн санхүүжилтээр, номын сангийн үйл ажиллагааг дэмжигч Д.Жаргалсайхан үнэ төлбөргүй хийжээ.Тус цэцэрлэгийг усан толио, чулуун зам, зүлэгжүүлсэн талбай, мод бутаар чимэглэжээ.
Нийслэлийн төв номын сан нийслэлийн төсвийн 370 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уншлагын танхимууддаа засвар, тохижилтын ажлыг хийсний зэрэгцээ тус номын сангийн байгуулагдсан цагаас ашиглагдаж байсан хуучин номын тавиур, уншигчийн ширээ, сандал зэргийг шинэчлэн шинэ өнгө төрхтэйгээр уншигчдаа хүлээж авч эхэлсэн байна. Мөн насны хүүхдүүдэд зориулсан Зуны уншлага, Чанга уншлага, Үлгэрийн цаг зэрэг үйлчилгээг 06-09 дүгээр сард тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.