Олны хөлд дарагдаж, ачаалал ихтэй ажиллаж буй төрийн байгууллага бол
Иргэний бүртгэлийн газар. Жил бүрийн энэ үеэр тус газрыг зорих иргэдийн тоо эрс
өсдөг. Чухамдаа энэ үеэр л гадагш хилийн дээс алхах хүмүүсийн тоо нэмэгддэг
байх юм. Тиймээс л гадаад паспорт шинээр авах, сунгах, цуцлах гээд л олон
шалтгаантай иргэд төрийн байгууллагын ажил эхлэхээс өмнө цуглаж, оочир дараалал
үүсгэн ачаалал нэмсээр байна.
Уг нь гадаад паспортыг ажлын 10 хоногт хэвлэн захиалагчийн гар хүргэдэг
байна. Гэхдээ яаралтай буюу гурав хоногт багтаан гаргаж өгдөг нэг хэлбэр
байдаг. Мэдээж яаралтай учраас ахиу төлбөр төлнө. Гэвч сүүлийн үед ачаалал их байгаагаас
шалтгаалан Иргэний бүртгэлийн газар \”яаралтай” үйлчилгээгээ түр хугацаагаар
зогсоогоод байгаа аж.
Мөн гадаад паспортын бэлдэцийн нөөц хомсдсон нь ч энэ үйлчилгээг зогсооход
нөлөөлсөн гэж тайлбарлаж байна.
Тус газар жилд дунджаар 120 мянган иргэн гадаад паспорт авах хүсэлт
гаргадаг байсан. Гэвч сүүлийн хоёроос гурван жилд энэ тоо огцом өсч, 70 мянгаар
нэмэгдээд байгаа аж. 2016 оны долдугаар сарын байдлаар нийтдээ 122 мянган иргэн
гадаад паспортын захиалга өгөөд байгаагаас хамаарч улсын нөөц дэх паспортын
бэлдэц хомсдоход хүрчээ. Тиймээс дахин нэмж захиалах, төсөвт нэмэлт тодотгол
хийлгэх шаардлага тулгарсан гэдгийг албаны хүн учирлаж байна.
Захиалсан бэлдэц энэ сарын сүүлээр ирнэ. Ингэснээр яаралтай үйлчилгээг
хэвийн явуулах боломж бүрдэх юм байна. Мөн
бэлдэцийн хомсдолд орохгүйн тулд цаашид жилийн эхэнд нөөцөө базааж байхаар
төлөвлөсөн гэнэ.
Амар
Үндэстэн агентлаг