АН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахаар хор, хов хоёрыг зэрэг найруулж байна. С.Эрдэнэ гэгч даргын өгсөн үүрэг далгаварын дагуу өнгөрсөн хугацаанд Үндэсний бодлогын хорооны гишүүний мөнгөө төлж, тойргоо тордож, бас болоогүй С.Эрдэнэ сайдын нэхсэн мөнгийг төлөх гэж өр ширэнд ортлоо зүтгэсэн энгийн гишүүд энэ удаа хоосон үлдэж, өмнө нь өндөр албан тушаал хашиж байхдаа гадаадад оффшор данс нээсэн, хэт хөрөнгөжсөн, албан тушаал хээл хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, улсад их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг нэр дэвшихээр орж ирэв.
Тэдний нэг нь “Эдийн засгийн алуурчин” гэж нэрлэгдэх болсон Да.Ганболд буюу олны хэлдгээр “Халзан” Ганболд. Тэрбээр 2000 оноос эхлээд УИХ-ын сонгуульд олон удаа өрсөлдсөн ч ахин сонгогдож чадаагүй. Да.Ганболд Төмөр замын хэрэг эрхлэх газрын дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч дараа нь “Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төлөөлөн тус компанийн ТУЗ-д сууж байсан нэгэн. ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгтэй ойр дотно нөхдийн нэг.
Томоохон эдийн засагтай холбоотой бүхий л хэргүүдтэй тэр нэр холбогддог. Хамгийн сүүлийн үеийн жишээг л авья. Түүнийг “Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал байхад Дубайн гэрээ байгууллагддаг. Нийтлэлч Баабар түүнийг “Монгол улсад 176 их наяд төгрөгийн хохирол учруулсан этгээд” хэмээн цоллож байсан удаатай. Харин дараа нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг төлөөлөн тус компанийн ТУЗ-д суув. Тэрээр эртний найз нөхөд болох “Сахал” Эрдэнэбилэгийн ХХБ-нд Эрдэнэт үйлдвэрийг зарах ажлыг зохион байгуулж асар их хөрөнгөжсөн нэгэн.
Өмч хувьчлал, Эрдэнэт үйлдвэрийн асуудалтай холбогдож, Дубайн гэрээний хэрэгт шалгагдаж байгаа Да.Ганболд Хөвсгөл аймагт нэр дэвшихээр улаарч, өмнө нь тус аймгаас нэр дэвшихээр бэлтгэгдэж байсан Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаагаас тойргийг нь авахаар С.Эрдэнэтэй тохироогоо үндсэндээ хийжээ. Б.Баярмаагийн хувьд сүүлийн хорь гаруй жил Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалах чиглэлээр ажиллаж, уул уурхайгүй Хөвсгөлийг бий болгох, төрсөн нутаг орноо аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирсэн нэгэн.
С.Эрдэнийн нэхсэн бүхий л мөнгийг нь төлсөн. Хөвсгөл аймгаас улс төрд орж ирсэн цөөхөн бүсгүйчүүдийн нэг. Гэвч АН энэ удаа Б.Баярмааг бус уул уурхайг дөрөөлөн хувьдаа мөнгө босгогч, УИХ-д сууж албан тушаалын гэмт хэргээсээ булзаарах гэж оролдож байгаа Да. Ганболдыг нэр дэвшүүлэх гэж байна.