Хятадын хамгийн өндөр нягтралтай хүн амтай хот болох Бээжин хотноо сүүлийн таван хоногийн дотор коронавирусын 137 шинэ тохиолдол илэрч, өндөржүүлсэн бэлэн байдалд орлоо. Шинфади нэртэй хүнсний захаас гаралтай энэ удаагийн тохиолдлуудаас үүдэн сургуулиудаа хааж, оршин суугчдаа гэрээсээ ажиллахыг шаардлаа. Түүнчлэн хотоос орж гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, томоохон хорооллуудад хөл хорио тогтоов. Энэ явдал нь өндөржүүлсэн бэлэн байдлын түвшинг бууруулаад арав ч хоноогүй байхад гарсан тул дэлхий нийтийн анхааралд өртөж байна.
Коронавирусын шинэ тохиолдлууд зөвхөн Хятад Улсад нэмэгдээд зогсохгүй хэдхэн хоногийн өмнө “коронавирусгүй болсон” хэмээн өөрсдийгөө тунхагласан Шинэ Зеланд улсад ч нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийд тохиолдлын хэмжээгээр хоёрдугаарт орж буй Бразил Улсад өдөрт дунджаар 1000 хүн коронавирусын улмаас нас барж байгаа хэдий ч хөл хориогоо сулласаар байгаа бол АНУ-ын Техас мужид сүүлийн хэд хоногт олон залуу хүн халдвар авсан тул хөл хориог наймдугаар сарын 15 хүртэл үргэлжлүүлэх шийдвэрийг зарим хотын дарга авчээ. Түүнчлэн Чили Улс гуравдугаар сард зарласан онцгой байдлаа 90 хоногоор сунгаснаа мэдэгдэв. Дэлхий дахинаа коронавирусын халдвар авсан тохиолдол найман саяаас давж хагас сая хүн энэ өвчний улмаас нас баржээ.
Эх сурвалж: nytimes