Олон нийтийн сүлжээгээр 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдаад байсан билээ. Уг асуудлыг тодруулахаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа бөгөөд Хятадын талын өгсөн мэдээллээр Хөх хотын Гаалийн дарга яаралтай шалгах үүрэг өгсний дагуу Эрээн хотын Гаалийн газрын дарга уг хэргийг шалгаж байгаа ажээ.
Монгол эмэгтэйтэй зүй бусаар харьцсан Хятадын гаалийн байцаагчийг одоогийн байдлаар ажлаас нь чөлөөлжээ. Мөн ахлах байцаагч, тасгийн даргад нь хариуцлага тооцсон байна. Эрээн дэх Консулын газрын зүгээс хятадын тал хэргийг шалгах ажиллагаа дууссаны дараагаар нэмэлт мэдээлэл авахаар ажиллаж байгаа аж.