Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйл, тэр дундаа 6.1, 6.2 дахь заалтын үзэл баримтлалын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдаа энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой “Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.08.19/ Төрийн ордонд боллоо.
6.2. өмнө нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байсан бол 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-ын 63 гишүүн оролцож 100 хувийн саналаар “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан ТӨРИЙН НИЙТИЙН өмч мөн” гэж өөрчилсөн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Тухайлбал, олон нийт НИЙТИЙН гэж үгэнд ач холбогдол өгч, ийнхүү төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулах хүртэл асуудал хурцадсан юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа, УИХ-ын сонгуулийн үеэр Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн талаар нийгэмд буруу ташаа мэдээлэл түгээх санаатай болон санамсаргүй үйлдэл гарч эхэлсэн. Эндээс улбаалсан ойлголтын зөрүү гарч байгаатай холбогдуулж хэлэлцүүлэг зохион байгуулж байна гээд “Зургаадугаар зүйлд өөрчлөлт оруулахдаа улс орныхоо эрх ашгаас урвасан, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хөндсөн ямарваа нэгэн заалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч ч санаачлаагүй, Монгол Улсын Их Хурал ч батлаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 6.2 дахь заалтыг зориуд санаатайгаар мушгин гуйвуулж, нийгэмд буруу ташаа ойлголт тарааж байгаа хэсэг бүлэг хүмүүс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу цаашид өөрчлөгдөх ёстой Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн ба орон нутгийн өмчийн тухай зэрэг хуулийг батлах ажилд саад тотгор учруулах гэсэн алсын зорилготой гэж үзэхээс өөр аргагүй байна” гэж тайлбарлалаа.
1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа буюу 1996 онд Төрийн ба орон нутгийн тухай хуулийг хэлэлцэх үед Б.Чимэд гуай “Төрийн нийтийн өмч” гэсэн нэр томьёог гаргасан байна. Тэрээр “Нийт ард түмний ашгийн тулд байх ёстой тул байгалийн баялгийг төрийн нийтийн өмч гэж тодорхойлох нь зүйтэй” хэмээн хэлсэн байдаг.
Тэгвэл энэ хуулийн заалтыг идэвхтэй эсэргүүцэж буй “Халуун цуст” нэрээр цахим хэрэглэгчдэд танигдаж, өөрийн үндсэрхэг үзэл бодлыг илэрхийлж, бичлэг хийн сошиал орчинд байршуулдаг Г.Тулга гэх залуу Үндсэн хуулийнэ 6.2 дахь заалт тойрсон асуудлаарх хэлэлцүүлэгт оролцох үеэр “Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг эсэргүүцэх нь гэмт хэрэг гэж дөнгөж сая УИХ-ын дарга Г.Занданшатар хэлчихлээ. Тэгвэл та нар хуулиар халхавчлан гэмт хэрэг үйлдэж байгааг ард түмэн мэдэж байна. Оюутолгой, Дорнод дахь ураны олборлолт гээд ус, бэлчээргүй болгож буй бүх үйлдэл хуулийн хүрээнд явагддаг. Өнөөдөр та нар сайхан зүйл ярьцгааж байна. Энэ гоё танхимд том хүмүүс харчихаад бөхөлзөж чадахгүй, үгээ зоригтой хэлнэ. Монголын ард түмэн босоход бэлэн байгаа гэдгийг анхааруулъя” гэж байр сууриа илэрхийллээ.
Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Үндсэн хуулийн 6.2 заалтыг ард түмэн эсэргүүцэж байна. Гэтэл УИХ-ын гишүүд дүлий дүмбэ оргисоор л байгаа. Таван тусгаар тогтнолын суурь тусгаар тогтнол болох газар нутаг аюулд орлоо. ҮАБЗ-ийн гурван гишүүнд долдугаар сарын 2-нд Үндсэн хуулийн 6.2-ын талаар тайлбар өгөх, иргэний нийгмийн байгууллагыг хүлээн авч уулзах, засварлах талаар шаардлагыг хүргүүлсэн. ЗГХЭГ-ын Л.Оюун-Эрдэнэ даргаас “Таны шаардлагыг хүлээж авлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар найман жил хэлэлцэх ёсгүй. Дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар ярьж байгаа” гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн байдаг.
Харин ХЗДХ-ийн сайдын зөвлөх, гавьяат хууль С.Нарангэрэл уг заалттай холбоотойгоор “Төрийн, нийтийн өмч гэдгийг хэт дэвэргэж, нөгөө тал руу нь гуйвуулах үзэгдэл явагдаж байна. Хуульзүйн нэр томъёо цаанаа шинжлэх ухааны нарийн үндэстэй. Төр гэдэг нэр томъёо хоёрдугаар утгаараа улс гэж явдаг. Тэгэхээр төрийн, нийтийн өмч гэдэг бол бүх ард түмний хөрөнгө. Улсын өмч гэдэг утгаар Ерөнхийлөгч санаачилж, УИХ баталсан зүйл. Үүнд эх орноосоо урваж тэрсэлэх, улс орныхоо аюулгүй байдалд нөлөөлөх өчүүхэн ч төдий асуудал байхгүй. Үүнийг бид анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай” гэж өөрийн тайлбарыг хэлжээ.