Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Япон Улсын Хоккайдо мужийн захиргаа, Саппоро хотын захиргаа, JICA олон улсын байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Манай улс нь Хоккайдо мужтай эртний харилцаатай бөгөөд хоёр орны хооронд байгуулсан \”Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн хүрээнд уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, загас үржүүлэг, модны аж ахуй зэрэг бүхий л салбарт хөрөнгө оруулалалтыг нэмэгдүүлж, худалдааг өргөтгөх зэргээр хамтран ажилласаар ирсэн юм. Энэ удаагийн айлчлалаараа Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, худалдаа хөрөнгө оруулалтын эрэлт, хэрэгцээтэй танилцаж, ГХЯ-тай хамтран \”Монгол-Хоккайдогийн худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-ыг зохион байгуулахаар зорьж байгаагаа зочид төлөөлөгчид хэллээ. Мөн Монголд энэ байгууллагын түнш болох \”Монгол-Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийг ойрын үед байгуулахаар болов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.