УИХ-ын гишүүн С.Амарсайхан дүүжин тээвэр болон соронзон галт тэрэгний ТЭЗҮ-г хийж дууссан гэдгийг байнгын хорооны хуралдааны үеэр хэллээ.
Замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн олон сонголтыг нэмэхээр хэд хэдэн ажлыг эхлүүлсэн бөгөөд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийж байгааг хэлсэн юм. Гэхдээ парк шинэчлэлт хийхэд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх нь чухал бөгөөд энэ талаар ямар бодлого байгаа талаар Сангийн сайдаас тодруулав.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх, замын ачааллыг бууруулахын тулд нэлээд ажлуудыг эхлүүлсэн. Тухайлбал, сургуулийн автобус, аялал жуулчлалын автобус зэрэг олон сонголттой болгохоор төслүүд эхэлсэн. Жишээлбэл, Баянхошуу, Чингэлтэй, Дамбадаржаа чиглэлд дүүжин тээвэр, соронзон галт тэрэгний ТЭЗҮ-г хийж дууссан. 30 мянган төгрөгөөр цэнэглээд хоёр өдөр үйлчилгээнд явуулах боломжтой цахилгаан тээврийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл 640 мянган төгрөгийн зардлыг 90 хувиар бууруулсан. Жилд нийслэлээс автобус компаниудад 140 тэрбум төгрөгийн татаас өгдөг. 900 гаруй автобусны 80 хувь нь ашиглалтын шаардлага хангахаа больсон. Үүнийг эрчимтэй шинэчлэхэд татварын хөнгөлөлт чухал байна” гэсэн юм.
Түүний асуултын хариуг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өгсөн бөгөөд тавдугаар сард эхлүүлсэн дүүжин тээврийг татвараас чөлөөлөгдсөн. Хөгжлийн банкнаас 21 тэрбум төгрөгөөр давхар болон цахилгаан автобус авах асуудлаар татвар хөнгөлөх шийдвэр гараагүй боловч, асуудлыг хөндөж болно гэв.