ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусийн халдвар идэвхжин хоёр дахь давлагаа эхэлж байгаа талаар ВВС дамжууллаа. Сүүлийн өдрүүдэд Москва хотод коронавирусийн халдварын шинэ тохиолдол 1000-аас буухгүй байгаа бөгөөд энэ нь зургаадугаар сараас хойших хамгийн дээд үзүүлэлт юм.
Үүнтэй холбогдуулан Москва хотын захирагч Сергей Собянин нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй 5000 гаруй томоохон компаниудын удирдлагад хандан ажилчдаа гэрээс нь ажиллуулах зөвлөмж өгсөн захиа илгээжээ. Түүнчлэн өндөр настай болон хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг сануулж буй юм.
Одоогийн байдлаар ОХУ-д коронавирусийн халдварын 1.1 сая тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 929 мянган хүн бүрэн эдгэрч, 19 мянган хүн амь насаа алдсан юм.
Эх сурвалж: BBC