Шөнө дунд гэрт чинь утас дуугарах чимээ гарна. Үглэн байж та харилцуурыг автал сонин янзын дуу авиа, шаахитнаан, ойлгомжгүй чимээ гарахыг сонсоно. Ийм байдалд та орж байсан уу? Утсаар тоглогчид гэж битгий бодоорой. Магадгүй, тань руу нөгөө ертөнцөөс залгасан байж мэдэх юм.
• Зөвхөн баримтууд •
Ажлаа яг таг хийдэг Айрис
1965 оны зун Америкийн нэгэн эмнэлэгт Айрис Брэйс гэдэг эмэгтэй таалал төгсчээ. Түүний үхэл эмч нарын хувьд гайхал төрүүлсэн зүйл болов. Учир нь, Айрисын хийлгэсэн мэс ажилбар ямар ч аюул авчрахааргүй, харин ашиг тусаа өгөхгүйц ажиллагаа байсан юм. Түүний үхэл эмч нарыг, талийгаачийн гэр бүлийг, түүнчлэн түүний даргын сэтгэлийг гонсойлгосон аж. Айрис эдийн засгийн ухааны профессорын нарийн бичгээр ажилладаг байжээ.
Оршуулгын өдөр профессор өвгөн гэнэт нэг зүйлийг санасан гэнэ. Хэд хоногийн өмнө тэрбээр Айрисыг нэг хүнтэй холбогдоод, түүнийг цуврал лекцэнд оролцох боломжтой эсэхийг олж мэдээрэй гэж гуйсан байв. Мэдээж хэрэг, нарийн бичиг нь эмнэлгээс гарсан даруйдаа түүний өгсөн даалгаврыг биелүүлэх ёстой байлаа.
Гэвч нөхцөл байдал таагүй явдлаар өндөрлөсөн тул профессор эр өөрөө залгаж ярихаар шийджээ. Үнэнч ажилтан Айрис тэнгэрт хальсныг мэдээгүй нөгөө хүн профессор эрийн хоолойг сонсоод \”Түр хүлээгээрэй, над руу өөр утсаар залгаж байна” гэж хэлжээ. Хэсэг хугацааны дараа тэрбээр профессорт хандан \”Дөнгөж сая над руу таны нарийн бичиг хатагтай Брэйс залгаад надаас лекцэнд суух боломжтой эсэхийг асуулаа” гэв.
Брэндигүй ч гэсэн сайхан байна
1971 оны тавдугаар сард Аризона мужийн оршин суугчид болох Макконелл гэр бүлийн хоёр үдэш орой гэртээ сууж байтал гэнэт тэдний танил Инесс Жонсоны дуудлага нам гүмийг эвджээ. Хатагтай Жонсон саяхан бие нь тавгүйрхсэн тул эмнэлэгт хэвтсэн бөгөөд уйдсан тул найз эмэгтэйтэйгээ утсаар чалчихыг хүссэн нь тэр байв. Хоёр эмэгтэй хагас цаг орчим ярилцсаны эцэст хатагтай Макконелл эмнэлэгт хэвтэж буй найзыгаа Инессын дуртай ундаа болох бөөрөлзгөний нэг лонх брэндитэй очиж эргэх бодолтой байгаагаа хэлжээ.
Гэтэл хатагтай Жонсон эргэлт авахаас эрс татгалзсан бөгөөд гунигтай хоолойгоор \”Брэнди надад одоо хэрэг болохгүй” гэсэн аж. Удалгүй тэрбээр сэдвээ өөрчлөн, биеийн байдал нь маш сайн байгаа бөгөөд өмнө нь хэзээ ч ийм аз жаргалтай байгаагүй гэдгээ өгүүлэв. Аз жаргалтай байгаа бол сайн хэрэг гэж бодоод хатагтай Макконелл тайвширчээ. Таван хоногийн дараа тэрбээр эмнэлэг рүү утасдаад өөрийн найз Инесс Жонсоныг нарт хорвоогоос хэдэн долоон хоногийн өмнө халин одсоныг мэдээд ихэд гайхсан гэдэг. Тэгвэл хэн түүнтэй утсаар ярьж, сэтгэл санаа өөдрөг байгаа хэмээн брэнди дарснаас татгалзсан байж болох вэ?