Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Энхсайханд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан” гэх хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. М.Энхсайханыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү М. Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоёота Лексус 570” автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан авч, улсад 130 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Энхсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ. Мөн М.Энхсайханаас 55 сая төгрөгийг гаргуулж, Эрчим хүчний яаманд олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх М.Энхсайханыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компаниудад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийг төгссөн гэж үзсэн нь үндэслэлгүй, харин дээрх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж дүгнэж, М.Энхсайханд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих болгон өөрчилж, бусад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.