Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсанхорооны VII хуралдаан өчигдөр цахим хэлбэрээр боллоо. Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, коксжих нүүрс зэрэг уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг Энэтхэг Улсад экспортлох ажлыг эхлүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Тухайлбал, Энэтхэг Улсад нүүрс экспортлох ажлыг зохион байгуулах хүрээнд Тавантолгойн нүүрсний дээжийг Энэтхэг Улсад илгээж буйг хэллээ. Мөн туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулах ажлыг хоёр улсын холбогдох яамд хэрэгжүүлэхээр тохирсон байна.
Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд манай улсад айлчлах үеэр талууд Монгол, Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулахаар тохирсон билээ. Энэ ажлыг цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа эхлүүлэхээр боллоо. Энэтхэг Улс манай англи хэлний багш нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, ирэх онд англи хэлний цахим сургалтыг зохион байгуулахаар болов.
Талууд Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэж, ойн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцоод байсан дээд, өндөр түвшний айлчлалуудыг ирэх онд аль болох ойрын хугацаанд зохион байгуулахаар ярилцав.
Хуралдааны төгсгөлд Энэтхэг Улсын Гадаад харилцааны сайд Ганжуур Данжуурын монгол хэлнээ орчуулсан дээжээс Монголын талд бэлэглэв. Мөн Монгол, Энэтхэгийн дипломат харилцааны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол шуудан компаниас гаргаж буй шуудангийн маркийг хоёр тал албан ёсоор зарлав.
Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэгэрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Энэтхэгийн хэсгийн дарга, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар нар тэргүүлж, Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон холбогдох яамны төлөөлөгчид оролцов. Энэтхэгийн талаас тус улсын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Т.Капүр, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Рива тэргүүтэй манай улстай хамтын ажиллагаа хөгжүүлж буй холбогдох яамны өргөн төлөөлөл оролцлоо.