ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 5-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, аймгийн салбар лабораторид нийт 14,019 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 700 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ байсан бөгөөд долоон сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. Бусад тандалтын сорьцод халдвар илрээгүй.
Долоон тохиолдлын дөрөв нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь гэр бүлийн хавьтлууд юм.
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй.
“Дотоодод голомтлон гарсан халдвараар өвчилсөн 13 хүн эдгэрлээ”
Өчигдөр эдгэрсэн 16 хүн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны буй сувилалын ажиглалтад шилжлээ. Эмнэлгээс гарсан хүмүүсийн дотор голомтлон гарсан халдвараас үүдэлтэйгээр өвчилсөн 13 хүн байгаа. Тодруулбал, Улаанбаатарын 7, Сэлэнгийн 1, Орхоны 4, Дорноговь аймгийн нэг хүн голомтлосон халдвараас эдгэрч ажиглалтад шилжлээ. Мөн ТИР машины жолооч нэг хүн, Энхсаран сувилалд халдвар авсан хоёр хүн, ингээд нийт 16 хүн эдгэрлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 849 болсон бөгөөд өнөөдрийн байдлаар 456 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 4, хүндэвтэр 68, хөнгөн 382 тохиолдол эмчлэгдэж байна” гэлээ.