Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан дулааны үнийг 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл тэглэх шийдвэр гаргасан.
Тус шийдвэр гаргасан өдөр манай улсын цахилгааны хэрэглээ 50 мВт-аар нэмэгджээ. Энэ нь Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцын анх суурилагдаж байсан хүчин чадал юм байна. Тэр дундаа гэр хорооллын бүсэд ачаалал эрс нэмэгджээ. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн дэд станцуудад гэмтэл гарчээ. Тиймээс цахилгааны зохисгүй хэрэглээг хязгаарлах үүднээс Эрчим хүчний яам түр журам боловсруулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Журмыг боловсруулж энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.
Дашрдамд дурдахад, манай улс өвлийн оргил ачааллын үед нэг өдөрт 1300 мВт цахилгаан хэрэглэдэг. Үүний 200 мВт-ыг ОХУ-аас авдаг байна. Харин Засгийн газрын шийдвэр гарсны дараа цахилгааны хэрэглээ 1215 мВт болж өсчээ.