Шинжилгээний сорьц хөлдсөн солигдсон гэх мэдээллийн дагуу ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал тайлбар өглөө.
Тэрбээр “Иргэдийн нийгмийн сүлжээгээр бичээд байгаа явдал бол сарын өмнө орон нутаг руу явах 100 мянган иргэнээс шинжилгээ авах үед нэг цэг дээр гарсан үйл явц. Дагалдах хуудас дээр дутуу бөглөсөн асуудал нэг л цэг дээр гарсан. Сорьц хөлдсөн асуудал үүсээгүй.” гэлээ.
Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Лабораторид суурилсан тандалт судалгааг бид иргэдийнхээ дунд тасралтгүй хийж байна. Ойрын болон дам хавьтлыг илрүүлж, эмнэлгийн уушгины тасагт хэвтэж байгаа хүмүүст шинжилгээ тогтмол хийж байна. Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш түргэвчилсэн болоод PCR шинжилгээг хийж байна.
Монгол Улсад хийж байгаа шинжилгээ олон улсын чанарын шаардлага хангасан хүлээн зөвшөөрөгдсөн оношилгоо. Түрүүчийн удаа бүх нийтийн бэлэн байдал зарлахад орон гэртээ очиж чадахгүй саатсан, гэр оронгүй байна гэсэн иргэдийн асуудлыг шийдэхийн тулд УОК шийдвэр гаргаж, нийт 110 мянган иргэнээ шинжилгээнд хамруулсан, оюутнуудаа гэрт нь хүргэсэн. Энэ үйл ажиллагааг 11-р сарын 29-нөөс 12-р сарын 8 хүртэл хийсэн. 10 хоногийн хугацаанд 100 мянган хүнээс шинжилгээ авах үед тодорхой хэмжээнд ачаалалтай ажилласан. Энэ хугацаанд ганц нэг шинжилгээ авах газар алдаа гарсан. Бид үүнийг мэдэж байгаа. Мэргэжлийн хяналтын газраас 12-р сарын 1-ний өдөр шинжилгээ авах газар хогийн сав таггүй байна, биеийн халууныг үзээгүй, гарын халдаргүйжүүлэгч байхгүй гэх мэт 15 зөрчлийг арилгах тухай албан бичгийг ЭМЯ-нд ирүүлсэн. Бид тухай бүрд нь сайжруулсан.
Өөрөөр хэлбэл сарын өмнөх мэдээллийг иргэд сошиалаар бичиж байна. Энэ бол буруу ташаа ойлголт. Өнөөдөр ийм үйл ажиллагаа байхгүй. Өнөөдөр БЗД-ийн нэг өрх нэг иргэн аргачлалын дагуу 90 гаруй мянган иргэнээ нийт 19 цэг дээр шинжилгээнд хамруулж байна. Сорьцоо зориулалтын дагуу зөөвөрлөж байна. Шинжилгээ авах цэг дээр ажиллаж байгаа ажилтнууд халдвар хамгааллын дэглэмээ барьж байна. Ирж шинжилгээ өгч байгаа хүмүүс ч сайтар мөрдөж, ухамсартай байна.” гэлээ.
Түүнчлэн Улаанбаатар хотоос шинжилгээ өгөөгүй нэг ч иргэнийг хотоос гаргаагүй гэв.