Өнгөрсөн амралтын өдрүүдээр Альпийн нурууны хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн алдартай Маттерхорн оргилд 2 уулчин осолд орж амиа алджээ. Энэ удаа осолдож амиа алдсан хүиүүс дэлхийн уулчдын дунд нэлээд нэр алдартай байсан учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр их гарч байна.
Альпийн Уулын Хөтөчдийн Холбооны ерөнхийлөгч 40 настай Жерар Оттавио, Монбланы уулын цанын сургуулийн захирал 36 настай Жоэл Дануа нар тус уулын хамгийн хүнд \”Via Deffeyes\” замаар авирч явахдаа хад чулууны нурангид автан 4000 м орчим өндөр цэгээс доош 400- аад метр унаж амиа алдсан байна.
Тэднийг хамгийн сүүлд 4000 м өндөрт авирч явааг хянагч нар харсан бөгөөд шөнө цагтаа эргэж ирээгүй учир аврагч нар нисдэг тэрэг хөөргөж, хоёр уулчны цогцосыг нь 3600 метрт маргааш өглөө нь олжээ. Зураг дээр харагдаж буй \”Via Deffeyes\” гэдэг замыг 1942 онд анх нээсэн боловч түүнээс хойшхи 70 гаруй жилд 5-хан удаа амжилттай авиралт хийгдсэн онцгой хүнд зам юм. Зураг дээр: \”Via Deffeyes\” замыг хар өнгөөр тэмдэглэв.