2015 оны 9 сараас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Жайка Олон улсын байгууллагын санхүүжилтээр \”Монгол улсын Өрсөлдөөний орчныг сайжруулах” төсөл хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Японы Шударга худалдааны хорооны Гадаад харилцааны газрын захирал Сувазоно Садааки, мөн газрын дэд захирад Яанагида Шинжи нар энэ өдрүүдэд ШӨХТГ дээр ажиллаж байгаа бөгөөд тус газрын дарга Б.Лхагва, орон тооны гишүүн С.Цогтгэрэл, Н.Бямбадорж нар хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Жайка олон улсын байгууллага болон Японы Шударга худалдааны хорооны дэмжлэгтэйгээр
• Япон улсад ШӨХТГ-ын улсын байцаагч нар 2 удаа сургалтанд хамрагдаж тус улсын Шударга худалдааны хорооны туршлагаас суралцахаас гадна Монгол улсын шүүгч нарыг хамруулж тэдэнд өрсөлдөөний тухай ойлголт өгөх гол ажлыг эхлүүллээ.
• Өрсөлдөөний хууль тогтоомж, бодлогын асуудалд эрх зүйн шинэчлэл хийх, боловсронгуй болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эрдэмтэн судлаач, бизнесмэнүүд, хэрэглэгчдийг хамруулан Өрсөлдөөний хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлох ажлуудыг хийсэн.
• Төслийн удирдлагын хорооны хурлыг Монгол улсад хуралдуулж төслийн үйл ажиллагааны 2016-2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлаад байгаа юм.
Мөн тус газрын дарга Б.Лхагва Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааг цаашид улам эрчимжүүлэх, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг тогтвортой хөгжүүлэх хүрээнд Японы Шударга худалдааны хорооны Гадаад харилцааны газрын захирал Сувазоно Садаакид Жайка олон улсын байгууллагад уламжилж өгөх хэд хэдэн хүсэлт байгааг дурдсан юм. Тухайлбал хууль болон өрсөлдөөний бодлого, төслийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хяналт шалгалт, ажлын түүх бусад мэдээллийг агуулсан мэдээллийн сангийн сүлжээг ШӨХТГ-т бий болгох, мэдүүлэг авах өрөөг тохижуулах, техник тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх, улсын байцаагч нарын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хяналт шалгалтанд шаардагдах машин унаа болон шинээр томилогдсон орон тооны болон орон тооны бус гишүүдэд олон улсын туршлага судлуулах ялангуяа Японы Шударга худалдааны хорооны комиссаруудын туршлагаас судлуулах шаардлагатай байгааг онцоллоо.