Нийслэлд коронавирусний халдварын 10 голомт өндөр идэвхжилтэй байна. Гэр бүл, хамт олон, үйлдвэр худалдааны байгууллагын дунд голомтлон тархах байдал ажиглагдаж байгаа аж.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Сүүлийн үед голомтын цар хүрээ ихсэж байна. Ялангуяа гэр хороолол, нийтийн байруудад халдвар их гарч байна. Хамгийн тдэвхтэй байгаа голомт гэвэл, “Монгол шир” ХК-д өчигдөр 18 тохиолдол байсан бол өргөжүүлсэн тандалт хийхэд долоон тохиолдол нэмэгдэж нийт 25 болсон. Мөн БЗД-ийн “Х апартмент” байранд халдвар нэмэгдэж нийт 13 тохиолдол бүртгэгдлээ. Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой гэр бүлийн үргэлжилсэн халдвар нэмэгдэж 40 тохиолдол болсон. Чингэлтэй дүүргийн Бэлхэд байрлалтай гутлын цехтэй холбоотой голомт үргэлжлэн гэр бүл, найз нөхдийн хүрээнд 26 тохиолдол бүртгэгдлээ. Түүнчлэн СХД-ийн худалдааны төвтэй холбоотой халдварын тохиолдол гэр бүл, найз нөхөд гэж тэлэн нийт 17 тохиолдол болсон. СБД, СХД, Чингэлтэй дүүргийн нийтийн байруудад голомт идэвхтэй явагдаж байна. Өчигдрөөс тэдгээр байруудад халдвар бүртгэгдсэн. Чингэлтэй дүүргийн Бэлхийн орчмын айл өрхүүдийн дунд халдвар идэвхтэй явагдаж байна” гэв.
Мөн тэрбээр энэ үеэр халдварын цар хүрээ тэлж, хоногт 30-аас дээш тохиолдол нэмэгдэж буй энэ үед хүн бүр өөрсдийгөө хамгаалах, аль болох гадуур явахгүй байх, амны хаалт зүүх, гэр бүлээсээ төлөөлөл гаргаж олноороо явахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүсэв.