БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт ирээдүйн хотыг босгож байна. Аж үйлдвэрлэлийг технологитой хослуулсан атлаа хөдөө нутгийн байгалийн сайхныг харуулах нь энэ хотын онцлог аж.
Нийт 1.8 сая км кв газар нутгийг хамрах хот Сичуан мужийн Чэнду хотын гадна баригдах юм байна. Энд олон тооны их сургууль, лаборатори, оффисын барилга бүхий олон улсын боловсролын паркийг 480 мянган метр кв талбайд барих юм байна.
Хотын зураг төсөл, төлөвлөлтийг “Их хотын архитекторын оффис”, Gerkan, Marg & Partners компаниуд хамтран бүтээжээ. “Их хотын архитекторын оффис” компани БНХАУ-ын төрийн мэдлийн CCTV-гийн, төв барилгын алдарт загварыг арваад жилийн өмнө зохион бүтээсэн байна.
Чэндугийн ирээдүйн шинжлэх ухаан, технологийн хот хэмээн нэрлэсэн энэ хотын талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ил болсон юм. Мөн хотын ойролцоо барьж буй Тианфу олон улсын нисэх онгоцны буудлыг энэ оны сүүлээр ашиглалтад оруулах талаар мэдээлжээ.
Ингэснээр Чэнду хот олон улсын хоёр онгоцны буудалтай, БНХАУ-ын гурав дахь хот болох юм. Одоогоор Бээжин, Шанхай хотод л олон улсын хоёр онгоцны буудал бий.
GMP компани олон нийтийн байгууламжууд, нийтийн тээврийн барилгын загварыг гаргах үүрэг хүлээжээ. Олон улсын хэмжээнд зарласан, шилдэг загвар шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тул эдгээр компаниудтай хамтран ажиллаж байгаа аж. Эдгээр компанийн мэргэжилтнүүд шинэ хотыг байгуулахдаа нэг дор олон барилга байлууламж төвлөрүүлэхгүй, аль болох тараан байршуулахад анхаарчээ. Мөн барилгуудын дээвэр ногоон байгууламжтай, хурц өнцөг, хэлбэргүй байх юм байна. Хятадын томоохон хотуудад тухайн газар нутгийн онцлогийг харгалзалгүй, хот байгуулсан алдааг дахин давтахгүй байхад архитекторчид анхаарчээ. Иймд тэд цагаан будааны талбай мэт харагдах үелсэн хэлбэртэй газрыг өөрчлөлүйгээр, түүнд тохирсон загварууд бүтээсэн байна. Дийлэнх хотын мастер төлөвлөгөө дэд бүтцэд (нийтийн тээвэр, авто зам, метро) суурилсан байдаг аж.