ЕБС-ийн танхимын сургалт орон нутагт энэ сарын 1-нээс эхэлсэн бол нийслэлд хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.
БШУЯ-наас ‘’Нэг хаалга-нэг шинжилгээ’’-ний үр дүн, вакцинжуулалт, халдварын тархалтыг харж байж нийслэлд танхимын сургалтыг эхлэх эсэхийг шийдэх аж. Мөн танхимын хичээл эхлэхэд бэлтгэл ажлаа хангаж 3, 4 дүгээр сард багтаан багш нарыг вакцинжуулах саналаа УОК-т хүргүүлжээ.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ, “Илэрсэн голомтуудыг хумин нөхцөл байдлын эрсдэлийг тооцон боломжтой гэж үзсэн үед ямар зохион байгуулалттай эхэлж болох вэ гэдгийг УОК болон НОК-т танилцуулж хугацааг тодорхойлно. Мөн шинжилгээ авч байгаа 50 сургуулийг 14-20 хоногийн турш ариутгаж халдваргүйтгэнэ’’ гэв.
Танхимын сургалт эхэлвэл эхний ээлжинд сурагчдын хоцрогдлыг арилгахаар тус яамнаас төлөвлөсөн байна. Судалгаагаар 174 мянга гаруй хүүхэд хичээлийн хоцрогдолд ороод байгаа юм.