“Oxford-AstraZeneca”, “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцинуудын нэг тун нь 80-аас дээш насны хүмүүсийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулж буйг нэгэн судалгаагаар тогтоожээ.
Английн Нийгмийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр, эхний тун вакциныг хийлгэснээс 3-4 долоо хоногийн дараагаас ийм үр дүн ажиглагджээ. Энэхүү судалгааг эхний ээлжид вакцин хийлгэсэн 80-аас дээш насны хүмүүсийн дунд явуулсан байна. Засгийн газрын төлөөлөгчид энэхүү үр дүнг сайшаасан боловч халдвараас маш сайн сэргийлэхийн тулд хоёр тунг хоёуланг нь хийлгэх шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.
Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок Нийгмийн эрүүл мэндийн газрын судалгааны үр дүнг сайшаагаад, манай улсад сүүлийн долоо хоногуудад “COVID-19”-ийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн 80-аас дээш насны хүмүүсийн тоо буурсан шалтгааныг үүнтэй холбон тайлбарлаж болох юм гэж мэдэгдсэн байна.
“Oxford-AstraZeneca”-гийн вакцины 65-аас дээш насныханд үзүүлэх үр дүнгийн талаарх мэдээлэл харьцангуй бага байсныг үл харгалзан Их Британи энэ бүлгийг хүмүүсийг вакцинжуулах шийдвэр гаргасан хэдий ч энэхүү шинэ судалгаагаар үр дүнтэйг нь тогтоолоо” гэж Английн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Жонатан Ван-Там мэдээлжээ.
Герман тэргүүтэй хэд хэдэн орны хувьд “AstraZeneca”-гийн вакциныг 65-аас дээш насныханд хийхгүй байхыг зөвлөж байгаа юм. “Вакцинжуулалтын хөтөлбөр “биднийг ойрын хэдэн сарын дотор огт өөр дэлхий ертөнцөд аваачих” боломжтой болохыг эдгээр мэдээлэл харуулж байна” гэж Ж.Ван-Там онцлон хэлжээ.